НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фекитамоелоа Утоикаманутай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-10-29 12:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикамануг өнөөдөр хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийн ажлыг эхлүүлэхэд тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд хатагтай Фекитамоелоа Утоикамануд талархал илэрхийлээд  тус төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд НҮБ-ын дэмжлэг ихээхэн чухал болохыг тэмдэглэсэн.


Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикаману энэ сарын 29-30-нд болж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, уг хурал энэ оны 12 дугаар сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх хурлын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа нь ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.


Дээрх олон улсын хурал нь дэлхийн голлох зах зээлээс алслагдсан, бүс нутгийн интеграцид бага хамрагдсан, дэд бүтцийн хөгжил сул далайд гарцгүй орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ