Кызылийн нисэх онгоцны буудал олон улсын анхны нислэгээ Монголоос хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-26 14:48:52

КЫЗЫЛ. /TASS/. Хоёр сар орчмын өмнө олон улсын статустай болсон Кызылийн нисэх онгоцны буудал олон улсын анхны нислэгээ бямба гарагт Монгол Улсаас хүлээн авна гэж ОХУ-ын Тува улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.


Олон улсын нислэг нь бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж Тувагийн эрх баригчид найдаж байна. 


“Тува улс олон улсын анхны нислэгийг хүлээж авахад бэлдэж байна. Энэхүү нислэгийг Засгийн газар болон Монгол Улсын агаарын тээврийн “Hunnu Air” компани 10 дугаар сарын 26-ны өдөр техникийн нислэгийн хувиар, өөрөөр хэлбэл Кызылийн нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх агаарын харилцааг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах арга хэмжээний хүрээг тодорхойлох зорилгоор хийхээр төлөвлөж байна” гэж тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


Нислэгт бэлтгэх хүрээнд Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол хяналтын зөвлөлдөх уулзалт хийжээ. Уулзалтын үеэр тэрбээр хэлэхдээ, бүс нутгийн хувьд олон улсын чиглэлүүдэд нислэг үйлдэх нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Бүс нутгийн олон оршин суугч, ялангуяа хил орчмын нутгуудын оршин суугчдын хувьд Монголын зах зээл орлогынх нь гол эх үүсвэр болж ирсэн” гэжээ.


ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал наймдугаар сарын эцсээр олон улсын статустай болсон байна. Тус буудал Монгол Улсын Улаанбаатар, Улаангом хотуудаас гадна БНХАУ-ын Бээжин болон Өрөмч хотын хоороонд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 2030 он гэхэд Кызылийн нисэх онгоцны буудлын зорчигчдын урсгал жилд 33.7 мянгаас 249.3 мянга болж нэмэгдэх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ