ЗАВХАН: Үлийн цагаан оготонотой тэмцэхэд малчдын оролцоо чухал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт үлийн цагаан оготнын тархалт их байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний үндэсний төвөөс үлийн цагаан оготно болон царцааны ажиглалтын тойм мэдээнд дурдсанаар бэлчээрийн хөнөөлт мэрэгч болох үлийн цагаан оготнотой нүхний тоо 0.25 га талбайд Завханы нийт нутагт 100-гаас их байна.
Үлийн цагаан оготнын тархалтаар Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Булганы Могод, Хэнтийн Галшарт 100-гаас их, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим нутгаар 20-100, бусад нутгаар 0-20 байна.
Үлийн цагаан оготно бол хээрийн бүсийн биогеоценозын системийн дотор түүний салшгүй нэг гишүүн байгаль дахь бодисын эргэлтэд тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг амьтан юм. Гэвч сүүлийн жилүүдэд манай орны 14 аймгийн нутаг дэвсгэрт буюу манай улсын нийт 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 сая га-д нь үлийн цагаан оготно тархсан байна. Ингэж үлийн цагаан оготно хүрээгээ тэлснээр бэлчээрийн сөл шимтэй ургамлаар хооллон бэлчээрийн ургамлыг 90 хувь хүртэл сүйтгэж мал аж ахуйд ноцтой хүндрэл учруулах аюултай.
Хамгийн аюултай нь үлийн цагаан оготно өвсний үндсийг иддэг учраас дахин ургах боломжгүй болдог. Богино хугацаанд үржиж, олширдог үлийн цагааны сүрэг бэлчээр, ургамал хэт талхлагдсан нутгийг сонгон нутаглаж, өвс ургамал сахлаг шигүү газраас дайждаг.
Завхан аймгийн үлийн цагаан оготнотой сумдад тэмцэх ажлыг жил бүр хавар, намар хийдэг. Нутгийнхан нүхэнд нь ус хийж оготно барьж идэх шувууны суулт хийх зэргээр тэмцэж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс бодлогоор үлийн цагаан оготнын тархалтыг зогсоох, устгах оновчтой арга замуудыг хэлэлцэн үр дүнг сайжруулах. Малчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нь чухал байна гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завханы Алдархаан, Тэлмэн, Нөмрөг, Сантмаргаз, Тэс, Баянтэс, Их-Уул сумын нийт 26250 га бэлчээрийн талбайд мэрэгч хортонтой тэмцэх ажлыг хийжээ.
Ташрамд, царцааны тархалт,
нягтшлын 1х1 метр талбайн 2025 оны 6 дугаар сарын 20-ны мэдээгээр ихэнх нутгаар
сибирийн царцаа, бараан далавчит царцаахай ажиглагдсан байна.