“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-22 12:12:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театраас “Уран жиргээ-2019” наадмыг зохион байгуулж, 170 гаруй хүүхэд оролцжээ. Өмнөх жилүүдэд 100 хүрэхгүй хүүхэд оролцдог байсан энэхүү наадамд оролцож, авьяас билгээ сорих хүсэлтэй хүүхдүүдийн тоо 1.7 дахин өссөн байна.

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг таниулах, уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилго бүхий “Уран жиргээ-2019” уралдаан сургуулийн өмнөх нас, бага, дунд, ахлах ангийн сурагчид гэсэн дөрвөн ангиллаар болж, мэдрэмжтэй, уран унших чадвартай, авьяаслаг оролцогчдоо шалгаруулжээ.

Тус уралдааны цэцэрлэгийн өмнөх насны ангилалд Сайнцагаан сумын гуравдугаар цэцэрлэгийн оролцогч О.Ариунжаргал, 1-5 дугаар ангийн ангилалд Сайнцагаан сумын Мандал сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Буянжаргал, 6-9 дүгээр ангийн ангилалд Говь-Угтаал сумаас оролцогч Ц.Эрдэнэсувд, 10-12 дугаар ангийн ангилалд Говь-Угтаал сумын сурагч  Д.Баасанжаргал нар түрүүлж, Сайнцагаан сумын ЭДЦС-ийн сурагч М.Гаамаа Гран-при шагналын эзэн болжээ.

Тус уралдааны Гран-при шагналын эзэн М. Гаамааг саяхан Дундговь аймагт “Галзуу хот” жүжгээ толилуулсан Мөрөөдлийн театрын хамт олны нэрэмжит шагналаар  шагнасан аж.

Холбоотой мэдээ