Яруу суманд 60.8 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы
Яруу суманд энэ жил хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хийжээ.
Тухайлбал сумын сургуулийн
ой тэмдэглэхтэй холбоотой улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар
сургуулийн заалны их засвар, хичээлийн нэгдүгээр байрны их засварын ажлыг
150 сая төгрөгийн гэрээгээр тохижуулж засварлажээ. Мөн 100 сая төгрөгийн өртөг
бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг хийж өнөөдөр хүүхэд
залуучуудын чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх газартай болжээ. Мөн Загастайн
давааны 67 километр хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай холбоотой Нарийн
давааны чиглэлийн зам засварын ажил 330 сая төгрөгийн өртгөөр хийж
ашиглалтад орсон нь хөдөөгийн малчин иргэдэд хамгийн чухал бүтээн байгуулалт
болов. Орон нутгийн хөгжлийн санд 2018 онд 48 сая төгрөгийн хөрөнгө
хуваарилагдаж, журмын дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Харин 2019 онд
13 орчим сая төгрөгөөр нэмэгдэж 60.8 сая төгрөг хуваарилагдсаныг иргэдийнхээ
саналаар эрэмбэлж, нийт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай
байна.
Сүлжмэлийн цех байгуулав
Яруу суманд сум
хөгжүүлэх сангийн эргэн төлөлт муу байгаагаас 2017 онд зээл олгогдоогүй байна.
Зээлийн эргэн төлөлтөд нэлээн анхаарч ажилласны үр дүнд 2018 онд зургаан иргэнд 38 сая төгрөгийн зээл олгосон. Харин 2019 онд зээлийн эргэн төлөлт болох 34.9 сая төгрөгийг долоон иргэнд олгоод байна. Энэ онд сум хөгжүүлэх сангийн улсын тооллого, Завхан аймгийн Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн шалгалтад амжилттай үнэлгээтэй хамрагдсан. Энэ нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт эзнээ олсон, эргэн төлөлт сайн байсантай холбоотой юм. Цаашид дээрх сангаас зээл олгох эргэн төлөлтөд анхаарч, “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл” нь хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдийг хуваарилан авч, төлөгдөөгүй зээлтэй иргэдэд гэрээний дагуу дараа дараагийн шатны арга хэмжээг авч ажиллаж байна. Бид орон нутгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцож, гурван төсөлд хамтран ажиллахаар гэрээ хийсэн байгаа. Манай сумын уугуул “Төгс кашимер” ХХК-ийн захирал Г.Төмөрхүү сүлжмэлийн чиглэлээр тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн. Улаанбаатар хотод өөрийн үйлдвэр дээрээ нэг сургагч багшийг бэлтгэснээр сум орон нутагтаа тоног төхөөрөмжийг байрлуулж, сүлжмэлийн цех ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд таван хүний байнгын ажлын байр бий боллоо. Цаашид өргөжих боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бусад бизнес эрхлэгчид үйлдвэрлэл явуулах байр, барилгатайгаа танилцаад явсан. Энэ аравдугаар сард хөрөнгө оруулалтуудаа хийж сум орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж ажиллаж байгаа хэмээн Яруу сумын ЗДТГ-аас мэдээлэл өглөө.
Сумандаа эко зөвлөл байгуулжээ
Завханы Яруу сум аймагтаа анх удаа “Эко Завхан“ аяны
хүрээнд сумын эко зөвлөлийг байгуулжээ.
Тус зөвлөлийг ерөнхий боловсролын сургуулийн багш нарын санаачилгаар байгуулж тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид суманд тулгамдаж буй ажлуудыг эрэмбэлэн төрийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч сумын ойр орчмын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, хайс хамгаалалт хийжээ. Мөн байгууллагуудын өнгө үзэмжийг сайжруулах, гадна талбайг зүлэгжүүлэх, төвийн баг буюу Чандмань багийн авто замын дагуу нийтийн бие засах газар болон хог хаягдлыг ангилан хаях хогийн сав таван ширхэгийг байрлуулсан байна. Өнөөдөр Яруу сумын иргэн бүр, айл өрх бүр хогоо ангилан ялгаж хаядаг болсон нь эко зөвлөл байгуулж иргэдэд хог хаягдлын талаарх ойлголт мэдлэгийг сайн өгсөнтэй холбоотой юм. Сумын “Эко зөвлөл“ багуудын удирдлагууд бусад холбогдох мэргэжилтнүүдтэй хамтарч нэг баг болж ажилласнаар амжилтад хүрч аймгийн баяр наадмаар “Эко” сумаар шалгарсан байгаа. Өнөөдрийн байдлаар сумын 13 байгууллага гадна орчноо тохижуулж таван төрлийн модыг тарьж ургуулж цэцэрлэгт хүрээлэнг өөрсдийн бололцоогоор байгуулсан. Иргэн байгууллага бүр сард нэг удаа нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж хэвшсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт таван удаагийн их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 120 гаруй хүн оролцсон байгаа хэмээн Яруу сумын ЗДТГ-аас нэмж дуулгалаа.