Дорноговийн 1000 бүжигчин Нийслэлд бүжиглэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-10-14 16:52:10

Дорноговь /МОНЦАМЭ/.“Дорноговийн соёлын өдрүүд” аймаг сурталчлах өдөрлөг энэ оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод Их жанжны талбайд нээлтээ хийснээс хойш гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Одоогоос 40 жилийн өмнө  урлаг соёлын үйл ажиллагааг 1979 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан Дорноговьчууд энэ удаа 1000 бүжигчин хүүхдээр төв талбайг чимэж үндэсний бүжиг, язгуур урлагийн гайхамшгийг нийслэлчүүдэд хүргэсэн юм.


Мөн “Дорнын өнгө” нэртэй Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв, Данзанравжаагийн музейн үзмэр, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном, бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн "BLUE MON-NORPHEI ART GALLERY”-д тав хоног үргэлжилж олны хүртээл болж байна.

Энд Музей сургалт, судалгааны төвийн шилдэг үзмэрийн 30, говийн ноён хутагтын музейн өвүүдээс 30 гаруй үзмэр, аймгийн төв номын санд буй Дорноговь аймгийн 60 гаруй зохиолч , яруу найрагчдын 350 гаруй номын үзэсгэлэн, 10 гаруй уран бүтээлчдийн 30 гаруй уран зураг, уран баримал, бар зургийн бүтээлийг дэлгэжээ. Үүнээс гадна  “Саран хөхөө” театрын “Хувилгаан зүгийн аялгуу” хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд боллоо.

Тоглолтын уран сайхны удирдаачаар МУУГЗ Н.Пүрэвдорж, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Баттөмөр, ерөнхий удирдаачаар МУУГЗ Д.Нацагдорж, дууны багшаар МУГЖ Л.Нарантуяа, хөгжмийн багшаар МУСТА Б.Отгондүү, бүжгийн багшаар МУСТА М.Нарангэрэл нар ажилласан. Мөн “Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжиг Монголын хүүхдийн ордонд болсон.

Харин өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар наадам” Монголын хүүхдийн ордонд эхэллээ.

“Өсвөрийн бүжигчдийн XV наадам” Монголын хүүхдийн ордонд Ц.Сэвжидийн дэглэлт "Жалам хар" бүжгээр эхэлсэн. Уралдаанд нийслэл, дүүрэг, аймгийн нийт 400 гаруй өсвөрийн бүжигчид өрсөлдөж байна. Энэ удаагийн наадам 28 дахь жилдээ Улаанбаатар хотноо болж буй.

Мөн аравдугаар сарын 14, 15-нд 19:00  цагаас “Саран хөхөө” театрын уран бүтээлчид У.Шекспирийн  “Лир ван” драмын жүжгийг улсын драмын Эрдмийн театр амилуулна.

“Дорноговийн соёлын өдрүүд” урлаг соёлын нэгдсэн өдөрлөгийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговийн уугуул суугуул иргэд, сурагчид, иргэд олон нийт оролцов.




Холбоотой мэдээ