Шинэ аваргууд тодорсон ахмад даамчдын "УАШТ-2019"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-14 09:51:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 11-13-нд Төмөр замын дээд сургуулийн байранд болов. Энэ жил 27 дахь удаагаа зохион байгуулан тус тэмцээнд нийт 46 даамчин өрсөлдсөн юм.

 

Эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 16 даамчин швейцар системээр 7 өрөг тоглоход ДДХМ Д.Ганболд /“Энэрэл” клуб/ 11 оноогоор аваргалж, спортын мастер Л.Гансүх /БЗД/, спортын мастер Д.Чойжилсүрэн /“Сонгодог байрлал” клуб/ нар 10 оноогоор удааллаа. Д.Ганболдын хувьд хоёр жил дараалан улсын аварга болов.


Харин эрэгтэйчүүдийн 65-аас дээш насны ангилалд 20 даамчин ухаанаа уралдуулж, дэд мастер Ц.Батхүү   /БЗД/ 12 оноо авсан амжилтаар анхны түрүүгээ хүртэж, өнгөрсөн жилийн аварга спортын мастер П.Бат-Очир /БГД/ 11 оноогоор мөнгө, тус тэмцээний 5 удаагийн аварга спортын мастер Т.Пүрэвдорж /Монгени/ хүрэл медаль тус тус хүртлээ.


Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 10 тамирчин швейцар оноолтын дагуу 6 тавил өрсөлдсөнөөс дэд мастер Д.Отгонцэцэг /ЧД/ түрүүлж, дэд мастер Д.Мөнхзаяа /Баянхонгор/ удаалсан. Тэд адилхан 10 оноотой гарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтийн давуугаар Д.Отгонцэцэг улсын аварга даамчнаар шалгарсан. Хүрэл медалийг хамгийн ахмад оролцогчдын нэг 77 настай М.Бумбааш /Дорноговь/ хүртсэн юм.


Тэмцээний тусгай шагналыг дэд мастер Ц.Эрдэнэдалай /СХД/, Н.Ядамдорж /Архангай/, Х.Цэрэндаш /Дархан-Уул/, I зэргийн тамирчин М.Дамдинсүрэн /БЗД/, А.Оюун /БЗД/ нарт олгосон байна. Энэ үеэр зохион байгуулсан түргэн тоглолтын тэмцээнд 29 тамирчин өрсөлдөж, ДДХМ Д.Ганболд /“Энэрэл” клуб/, спортын мастер Р.Цэнд /БЗД/, Л.Гансүх /БЗД/ нар эхний гурван байрыг эзэлжээ.


Ахмад даамчдын УАШТ-ийг Ж.Нямдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд уламжлал ёсоор 15 дахь жилдээ ивээн тэтгэжээ.





Холбоотой мэдээ