БНСУ, Японы төлөөлөгчид дахин уулзахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-12 11:02:01

ЖЕНЕВ. /Yonhap/. БНСУ, Японы хооронд өрнөж буй худалдааны маргааны талаарх хэлэлцээний эхний үе шат дуусаж, талууд дахин уулзаж хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.


Япон экспортын хяналтаа чангатгасантай холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад БНСУ-ын гаргасан гомдлын дагуу хоёр талын төлөөлөгчид баасан гарагт Швейцарын Женев хотноо уулзжээ.


“Бид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцож, хоёр талын хэлэлцээний дараагийн үе шатыг дипломат шугамаар товлохоор шийдсэн” гэж БНСУ-ын төлөөлөгчдийн ахлах Чун Хэ Кван сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Япон улс өнгөрсөн долдугаар сарын эхээр БНСУ-ын аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнүүдийн экспортын хяналтыг чангатгажээ. Есдүгээр сарын эцсийн байдлаар Япон улс хязгаарлалтад багтсан аж үйлдвэрийн материалуудын дөнгөж долоон тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.


Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсантай холбогдуулан Япон хариу арга хэмжээ авж байна хэмээн олон нийт үзэж байгаа аж.


Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үзэж, шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн экспортын хязгаарлалт нь шүүхийн уг шийдвэртэй холбоогүй хэмээн мэдэгджээ. 


БНСУ өнгөрсөн есдүгээр сард Японы экспортын хязгаарлалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол мэдүүлснээр тус хоёр орон маргаанаа зохицуулахын тулд хоёр талын хэлэлцээг зохион байгуулах шаардлага үүсжээ. Талууд санал зөрөлдөөнөө хэлэлцээний замаар 60 хоногийн дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд ДХБ уг асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулна. 

Холбоотой мэдээ