"Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем" нэвтэрснээр малын хулгайн гэмт хэрэг буурна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-10 17:45:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд "Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем" нэвтрүүлэх ажил эхэллээ.

Энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл хамтран аравдугаар сарын 10-12-нд Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийн програмын сургалт зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд Мал эмнэлгийн үйлчилгээг нэгдсэн системд бүртгэж байгаатай холбогдуулан орон нутгийн мэргэжилтнүүдийг чадваржуулах зорилтын хүрээнд  энэхүү сургалтыг зохион байгуулснаараа онцлогтой.

Сургалтад аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын МЭТ-ын мэргэжилтэн, малын эмч нарын төлөөлөл 60 гаруй хүн оролцож байна.

"Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем"-ийг аравдугаар сарын 20-ны өдрөөс  эхлэн 17 суманд албан ёсоор ашиглана. Ингэснээр малын хулгайн гэмт хэргийн гаралт буурах, улмаар хэрэглэгчид чанарын шаардлага хангасан, гарал үүслийн гэрчилгээтэй мал, мах, түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ гэж  холбогдох албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ