Сумын төвөөс үлэг гүрвэлийн яс олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-10 23:41:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд орон сууцны барилгын суурийн нүх ухаж байсан барилгачид үлэг гүрвэлийн яс олжээ.

Тус сумын төвд төрийн албан хаагчдын орон сууц барихаар барилгын ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Энэхүү барилгын суурийн нүхийг ухаж байх үед үлэг гүрвэлийн яс гарч ирсэн байна. Тус сумын соёлын төвийн эрхлэгч н.Ганболд хэлэхдээ "Бид цаг алдалгүй Палеонтологийн хүрээлэн болон Соёлын өвийг хамгаалах төв рүү мэдэгдсэн. Үүний дагуу мэргэжлийн хүмүүс ирж малталт хийн чөмөгний ясны гурван олдвор олсон. Тэдгээрийг Улаанбаатар хот руу авч явсан. Сэргээн засах, бэхжүүлэх зэрэг ажлыг хийгээд буцааж орон нутгийн судлах музейд тавина" гэлээ.

Судлаачдын анхны таамгаар Диклодокус гэх өвсөн тэжээлт үлэг гүрвэл байх магадлалтай гэнэ. Уг үлэг гүрвэл нь 15-27,2м урттай жин нь хоёр аварга заантай тэнцдэг байна. Уг олдворыг энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хот руу авч явжээ.   

Холбоотой мэдээ