Жаргалан паркад "Хотын ой"-г үржүүлж эхэллээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-10-08 12:35:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн Жаргалан паркад “Ногоон паспорт – Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 500 орчим мод тарилаа. Энэхүү цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “Хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой моддыг танин мэдэх боломж бүхий модлог ургамлын цуглуулга байх аж.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй. Энэ хүрээнд Баянхонгор аймагт 3.5 га талбайд хайс хамгаалалтыг хийж, эхний ээлжинд хайлаас, шар хуайс, боролзгоно, үхрийн нүд, монос, голт бор, өрөл, чацаргана зэрэг 11 төрлийн модыг ийнхүү тарьсан байна.
Усалгааны систем зэргийг цогцоор шийдсэн цэцэрлэгт хүрээлэнг сүүдрэвчтэй, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цогцолбор болгохоор ажиллаж байгаагаа албаныхан мөн үеэр дуулгасан.
Моддыг усалж ургуулах, хог ургамлыг түүж цэвэрлэн арчилж хамгаалах ажлыг "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНТҮГ хариуцан ажиллах юм байна.