“Алтайн боловсролын форум”-д 1100 багш оролцлоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-10-08 16:09:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газраас Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Алтайн боловсролын форум” багц үйл ажиллагаанд давхардсан тоогоор 1100 багш оролцлоо.

Энэ жилийн багш нарын баярын үйл ажиллагааг боловсролын салбарын инноваци ба анги удирдах арга зүйн хүрээнд явуулж багшид тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа.

Тус аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Багшийн хөгжил”, Сургалтын чанарыг ахиулах “Оюунлаг Алтай” хөтөлбөрийн үр дүнд бодитой ахиц амжилтууд бий болжээ. Тухайлбал, улсын хэмжээнд явуулсан Боловсролын чанарын үнэлгээний шалгалтад 21 аймгаас эхний гуравдугаар байрт, 667 сургуулиас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль ес, Тонхил сумын ерөнхий боловсролын сургууль 18 дугаар байрт шалгарч “ТОР-20” сургуульд багтлаа. Мөн багшийн нийгмийн баталгааг хангах, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх үүднээс “Багш-Эрдэнэ” ёслолын үйл ажиллагааг 2017 оноос хойш зохион байгуулж, улсын хэмжээнд амжилт гаргасан багш, боловсролын байгууллагуудыг урамшуулах ажилд улсын болон орон нутгийн төсвөөс 117 сая төгрөгийг гаргаж, 547 багшийг шагнаж урамшуулсан байна. 

Говь- Алтай аймгийн сургалтын чанарыг сайжруулах олон төрлийн үйл ажиллагааг авч ажилласны үр дүн өмнөх оныхоос 5.7 хувиар ахисан ба Зөвлөх зэрэгтэй багшийн тоо 11-ээр нэмэгдэж, багшийн мэргэжлийн зэргийн чанарт ахиц гарчээ. Түүнчлэн багшийн онолын мэдлэг, ур чадвар сайжирч өмнөх оныхоос 8.1 хувиар өссөн, Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээр улсад есдүгээр байрт шалгарч тогтмол амжилтыг үзүүлээд байгаа ажээ.