Цагаан таягтны өдрийг тэмдэглэж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-04 18:08:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр нийслэл дэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өнөөдөр болж буй “Харж баясахын жаргал” өдөрлөгөөр эхэлж байна.

Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, мөн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг "Олон улсын хараа хамгаалах өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Дээрх өдрүүдийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран орон даяар “Харж баясахын жаргал” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөг энэ сарын 7-нд Багануур дүүрэгт, 8-нд Төв аймагт, 9-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт, 11-нд Өвөрхангай аймагт тус тус болно. Өдөрлөгүүдээр нүдний эмч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хараа шалгах юм байна. Мөн харааны бэрхшээлтэй иргэдийн болон олны танил нийтийн дууны уран бүтээлчдийн урлагийн тоглолт болно.
Өдөрлөгт харьяа аймаг, дүүргийн төр захиргааны байгууллага, эмнэлэг, цагдаа,
ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, иргэд нээлттэй хамрагдах боломжтой талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээлж байна.


Дэлхийд ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай иргэд байна. Харин манай улсын хэмжээнд энэ оны байдлаар 11.800 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Сүүлийн жилүүдэд хараа муудалтын шалтгаан жил бүр залуужиж хүүхэд залуус ихээр өртөх болжээ. 

Холбоотой мэдээ