Завханы Засаг дарга өнөөдөр 300 гаруй хүүхдийн үгийг сонсжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-02 09:24:43

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдөр Улиастай сумын таван сургуулийн 10 дугаар ангийн суралцагчдын үгийг сонсжээ.

Уулзалт аймгийн Хөгжимт жүжгийн театрт болж 10 дугаар ангийн 300 гаруй хүүхэд оролцож аймгийн Засаг даргаас хүссэн асуултаа асууж тодорхой хариулт авлаа. 

Энэ үеэр хүүхдүүд үдэш орой явахад гэр хорооллын гудамж гэрэлтүүлэггүй байдаг. Тиймээс гэрэлтүүлэгтэй болгож өгөх, золбин нохойг устгах, сургууль бүр дээр хүүхэд бүртэй хамтран ажиллах, тэдэнд зөвлөгөө өгөх сэтгэл зүйч хэрэгтэй байна. Улиастайд нийтийн тээвэрт явж буй автобусны тоог нэмэх, цагт нь явуулдаг болох, сурах бичгийн хүрэлцээ муу байна. Байгалийн ухааны хичээлүүдийн онолын цагийг багасгаж, туршилт, дадлагын цагийг илүү уртасгаж өгвөл зүгээр байдаг. Мөн сургуулиудын кабинетуудын тоног төхөөрөмжүүдийг шинэчилж өгөхийг тус тус хүслээ.

Түүнчлэн сурагч солилцооны хөтөлбөрийг аймагтаа эхлүүлж өгөх, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх хөгжмийн олон зэмсэгтэй кабинет, төвтэй болгомоор байна гэлээ. Манай аймаг энэ сарын 1-нээс эхлэн хогоо ангилж ялгах дадлыг иргэдэд уриалаад байгаа. Түүнчлэн ангилан ялгасан хогийг л ачна гэсэн.
Тэгэхээр өнөөдөр хүүхдүүд бид хогоо гурав ангилж байгаа ч нэг л машин хог ачиж байна. Ангилан ялгасан хогийг тус тусад нь ачдаг машинтай болгож болох уу гэдгийг ч хүүхдүүд аймгийн Засаг даргад дуулгалаа. Өнөөдөр зарим сургуулиуд гаднаа бие засах газартай байгаа нь хүүхдүүдэд хүндрэлтэй байдаг, тиймээс сургуулийн цэвэр, бохир усыг шийдэж өгөхийг ч хүсжээ. 

Харин энэ үеэр Завханы хүүхдийн зөвлөлөөс нийт хүүхдүүдээс хэрвээ би аймгийн Засаг дарга байсан бол нэн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэх вэ? Хэрвээ би сургуулийн захирал байсан бол нэн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэх байсан талаараа өөрсдийн санал хүсэлтийг нь бичүүлж авч санал авах хайрцагт цуглуулжээ. Эдгээр хүүхдүүдийн саналыг аймгийн хэмжээнд хэлэлцэн аль болох шийдвэрлэхийг зорих болно гэдгийг зохион байгуулагчид дуулгав.

Дашрамд дуулгахад, Завхан аймгийн төрийн байгууллагууд хэддүгээр сарын эхний өдрийн хэдэн цагаас хүүхдээ сонсох тухайгаа хуваарь гаргаж төлөвлөж эхэлжээ. Энэ өдөр тэдний эрх, үзэл бодол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүндэтгэн хүлээн авч харилцан ярилцдаг өдөр болгох аж. Хүүхдээ сонсох өдөр нь тухайн хичээлийн жилийн турш буюу 9 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Мөн сарын эхний өдөр амралтын өдөр тохиовол дараа долоо хоногийн даваа гарагт шилжүүлж заавал хүүхдээ сонсох ажээ. Завханы Хүүхдийн төлөө зөвлөлийг аймгийн Засаг дарга ахалдаг аж. 

Холбоотой мэдээ