Баян-Өлгийн нутгаар 10 дугаар сард салхи, шуургатай байх төлөвтэй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-30 11:25:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн сард салхи, шуургатай байх төлөв ажиглагджээ.

Тухайлбал, нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр салхины хурд зарим газраар 14-16 м/с, түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах аж.

Агаарын хэмийн хувьд нэгдүгээр арав хоногийн эхээр шөнөдөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст агаарын хэм шөнөдөө 5-10 градус хүртэл буурч бага зэрэг хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зарим газраар хур тунадас буух ба хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үе, мөн сүүлчээр нутгийн зарим газраар цас орно.

Холбоотой мэдээ