Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлдгээ онцлов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-30 10:16:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.


Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн мэндийг уламжилж, манай улсын цэрэг, цагдаагийн албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг дурдаад, НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдгээ онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ