ГХ-ны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-30 10:03:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлжээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.


Сайд Д.Цогтбаатар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг дурдаж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос жил бүр зохион байгуулж ирсэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын сэдэв эрчим хүч, дэд бүтэц, ногоон хөгжил, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг хамрах болсныг онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн Улаанбаатар хотноо байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь эдгээр орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилтыг даван туулах арга замын талаар баримтад суурилсан зөвлөмж гаргаж, бүс нутгийн болон олон улсын хурал семинар зохион байгуулж байгааг мэдээлсэн байна. Ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэхэд олсон туршлагаасаа хуваалцан, дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Peacebook Forum” хэлэлцүүлгийг Facebook компанитай хамтран зохион байгуулсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн үеэр онцолжээ.

Холбоотой мэдээ