Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-09-27 20:05:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2019 оны шилдэг бүтээлийг шалгаруулна.

Орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах зорилгоор номинацид нэр дэвшсэн шилдэг бүтээлүүдээр 2019 оны 10 дугаар сарын 7-31-нийг хүртэл Монголын Уран зургийн галерейд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд сурталчлах юм.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг 10 дугаар сарын 3-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд хүлээн авч, бүртгэнэ. Бүтээлийг БСШУС-ын сайдын тушаалаар баталсан “Мэргэжлийн зөвлөл” шалгаруулах юм.

Шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулах ёслолыг 10 дугаар сарын 18-нд Уран зургийн галерейд зохион байгуулна. 

Өнгөрсөн жил 87 уран бүтээлчийн монгол зураг, уран зураг, баримал, сийлбэр, өнгөт бар, арьсан урлал, график болон инстоляци чиглэлийн нийт 117 нэр бүхий бүтээлээс Ц.Баттөр, “Хар цас”, С.Болдбаатар “Парисын бороотой намар”, П.Ганбат “Эх” уран зураг, Т.Нурмаажав “Цагийн хүрдэн”, “Г.Одбаяр “Хүлэгү хаан” монгол зураг, Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон”  шилдгээр шалгарч, улсын сан хөмрөгт үлдсэн юм.

Ташрамд дурдахад, улсын сан хөмрөгт Монголын уран зургийн хосгүй үнэт 4000 гаруй уран бүтээл хадгалагдаж байна.

Холбоотой мэдээ