Зураач Т.Чулуунбаатар 800 морины гишгэдэл ашигласан бүтээлээ дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-09-27 14:04:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д амьдарч уран бүтээлэээ туурвидаг зураач Т.Чулуунбаатар 800 морины гишгэдэл ашиглан бүтээсэн “Action painting“ үзэсгэлэнгээ “Блю Мон арт галерейд маргааш нээнэ.

Тэрбээр монгол морийг дэлхий нийтэд урлагаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор 2019 оны наймдугаар сарын 10-13-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 800 монгол морины гишгэдлийг уран бүтээл болгон морины гишгэх, хатирах, давхих бүхий л үйлийг зураг болгон мөнхөлжээ. Зураач 800 морь дээгүүр нь гарахад багтах хэмжээний даавууг дэлгэн, будаг цацаж, морины давхих, гишгэх хөдөлгөөн бүрийг камераар зургийг нь авч, морины мөрөөр “Action painting“ орчин үеийн бүтээлийг буй болгожээ. Зургийг зөвхөн гараараа зурж бүтээдэг үйл явц XXI зуунд өөрчлөгдөж хүнээс гадна хоёрдогч эзэн оролцож болно гэдгийг энэхүү үзэсгэлэнгээр харуулах юм.

Зураач Т.Чулуунбаатар нь 1951 онд Өмнөговь аймагт төрсөн. Өдгөө АНУ-ын иргэн, орчин үеийн урлаг, абстракт зургийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг.

Тэрээр дэлхийн алдартай олон галерейд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. 1982 оноос өнөөг хүртэл Монгол, Америк, Энэтхэг, Ирак, Япон, Хятад, Хонконг зэрэг улсад уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан бөгөөд түүний зураг дэлхийн уран зургийн захуудад өндөр үнэтэй зарагддаг. 

Мөн тэрбээр 1980-аад оноос монгол гэрийн тооно судалж, түүгээр дамжуулан монгол хүний сэтгэлгээ, гэрийн соёлыг сурталчлан таниулах ажлыг олон улсад зохион байгуулжээ. Түүний судлан таньж мэдсэн монгол тоононы тухай урлагийн бүтээлийг дэлхий нийтэд өндрөөр үнэлж НҮБ-ын танхимд Тооно арт үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.

Үзэсгэлэн таван өдөр нийтийн хүртээл болно.


Холбоотой мэдээ