Улсын тэргүүний сумын тэргүүн туршлагыг судаллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-09-27 16:56:33

Увс /МОНЦАМЭ/. "Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын нэгдсэн уулзалт сургалт" энэ сарын 25-ны өдөр Улсын тэргүүний Бөхмөрөн суманд боллоо. Энэ үеэр сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар Улсын тэргүүний сумын тэргүүн туршлага болон бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байна. 

Бөхмөрөн сумын хувьд гурван томоохон нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутгийн хөгжил дэвшил болоод хүн ардын ахуй амьдралд тусламж үзүүлэх үүднээс тодорхой хэмжээний хандив тусламжийг жил бүр сумандаа өгдөг байна. Мөн тус сум нь үзэсгэлэнт онгон байгальтай ба дэлхийд ховор, нэн ховор ан амьтан элбэгтэй. Тухайлбал, аргаль угалз, ирвэс, янгир гэх мэт ан амьтадтай, түүнийгээ хамгаалах малчдын 10 гаруй нөхөрлөл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Тэрчлэн Бөхмөрөн сумынн бүтээлч хөдөлмөрч ард иргэд сүү цагаан идээ боловсруулах, гэрийн мод хийх, дээл хувцас оёх, төмс, хүнсний ногоо тариалах гэх мэтээр тодорхой хэмжээний аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа дээшлүүлсээр ирсэн байна. 

Тус суманд сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгийн төсвөөр бүтээн байгуулалтын ажил цөөнгүй хийжээ. Тухайлбал, энэ онд гэхэд Бөхмөрөн сумын ЗДТГ-ын хоёр давхар барилгыг шинээр барьж, өнгөрсөн 7 дугаар сард ашиглалтад оруулсан байна. Уг барилгыг улсын төсвийн 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Мана Оюу Увс” компани барьсан бөгөөд ногоон байгууламж, төмөр хашаа, цэцгийн мандал, усан оргилуур, дөрвөн машины гарааш, саравч зэрэг гадна тохижилтоороо баруун бүсдээ жишиг болохуйц барилга болжээ. Үүнээс гадна барилгын дотор засал чимэглэл нь өнгө үзэмжтэйгээс гадна зай талбайн хэмжээ ч гэсэн боломжийн түвшинд баригдсан байна.

Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч Бөхмөрөнчүүдийн ажил амьдралтай танилцаж, сумаа Улсын тэргүүний сум болтол хөгжүүлж чадсан удирдлагуудад нь талархал илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ