Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах шугамыг тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-26 13:45:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгөөр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд ЭХЯ ажлаа танилцуулж байна.

Энд цахилгаан дулаан дамжуулах сүлжээ компаниудаас эхлээд сэргээгдэх эрчим хүчний нийт 36 ААН оролцож, эрчим хүчний үнэ тарифаас аваад цахилгаан, дулааны хангамж, төлбөр тооцооны талаар иргэдэд мэдээлж, санал хүсэлт аван үйлчилж байна. Өдөрлөгийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нээж хэлэхдээ, ДЦС-4 ТӨХК-ийн 1-4 турбо, үүсгэгч хөдөлгүүр (генератор)-ийг шинэчлэх төсөл амжилттай явагдаж буй салбарын шинэчлэлийн ажлаа танилцуулав.


Тухайлбал, энэ есдүгээр сарын эхээр ДЦС-4 ТӨХК-ийн 4 турбогенераторыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр тоноглолын нэгж хүчин чадал 23 мегаваттаар нэмэгдэж байгаа аж. Энэ нь салбарын болон хэрэглэгчдийн өмнө өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг хангах, тоноглолын ашиглалтыг уртасган, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ гэдгийг салбарын сайд онцолж байна.

Үүнээс гадна Дарханы ДЦС-ын 35 мегаваттын өргөтгөлийг дуусаж, туршилтаар сүлжээнд залгаад байна. Мөн Улаанбаатар-Мандалговийн 330 квольтын 250 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, хоёр дэд станцын ажлыг дуусгасныг мэдээллээ.






Өдөрлөгөөр олон улсын “АВВ” группийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллага оролцож, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Тухайлбал, энд “MCS” компани 110 кв-ын “Бөхөг” дэд станцаас аваад “Мөнх дэвжих” компани малчдад зориулсан, Монголын нөхцөлд таарсан, зөөврийн “Наран” цахилгааны эх үүсвэрээ, “Клин энержи Ази” ХХК “Салхит” цахилгаан станцын салхин цахилгаан үүсгүүрээ тус тус танилцуулж байна. Өдөрлөг 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.






Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ