Монгол, Япон улс уул уурхайн салбарт харилцан ашигтай ажиллах боломжтой

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-23 11:31:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчилсан. Энэ үеэр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын форум болж, 300 гаруй бизнесийн төлөөлөлд Монголын хөрөнгө оруулалтын орчин, боломж, энэ чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлогыг танилцуулсан юм.

Форумд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, нийслэлийн Иргэдийн хурлын дарга Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.  

1990-2018 онд Монгол Улсад 23,9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон. Үүний 73 хувь нь уул уурхайн салбарт хийгдсэн нь тус салбарын эдийн засагт эзэлж байгаа байр суурийг тод харуулж байгаа юм. Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод орчин бүрдүүлж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого баримталж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар онцолсон юм.


Тэрбээр “Монгол Улсын уул уурхайн төслүүд хөрөнгийн биржид гарч эхэлж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай мэдээ бий. 2018 онд Тронтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн байна. Цаашид энэхүү үйл явц улам эрчимжиж, шинээр компаниуд давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байгааг онцолъё. УИХ-аас Тавантолгойн бүлэг ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэлх хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гарснаас хойш бэлтгэл ажлаа хийж байна. IPO хийх хөрөнгийн эх үүсвэрийг төмөр зам, эрчим хүч, авто зам, нүүрс угаах үйлдвэр зэрэгт 5,2 тэрбум ам.доллар бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар Монголоос экспортлох нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгаар дамжуулан Зүүн хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Хөрөнгө оруулагч та бүхэнд энэ чиглэлээр хамтарч ажиллах санал нээлттэй байгааг энд онцолъё. Монгол Улсын хөгжлийн 149 төсөлд 20,4 тэрбум ам.долларын санхүүжилтийн тооцооллыг гаргасан. Тиймээс хөрөнгө оруулагч та бүхэн бидэнтэй хамтран ажиллах, харилцан ашигтай, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхний хамтын хүчин чармайлт чухал юм. Бүс нутгийн хамтын ажиллагаа гэдэг нь ганц нэгээрээ хожих бус, бүгдээрээ хожих боломж бий болгодог, бизнесийн ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

Монгол, Японы худалдааны эргэлт 600 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн хугацаанд Япон улс манай эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулсан. Одоо харин уул уурхайн нөөцөд суурилан Япон технологиор өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал П.Ганхүү онцлов.

Тэрбээр “Нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн болгодог өндөр технологийн үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байна. Энэ удаа бид мөнгөний төсөл, нүүрс боловсруулах, зэс хайлуулах зэрэг төслөө танилцууллаа. Цаашид төслөө хэрэгжүүлэх, үр ашигтай болгохын тулд хоёр тал үе шаттай хамтарч ажиллах шаардлагатай. Зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтой гэдэг саналууд ч эхнээсээ гарч эхэлж байна. Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх, хууль эрх зүй нь өөрчлөгдөөд байдаггүй, хадгалагдаж байх гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаагаа хөрөнгө оруулагчид онцолж байна. “Эрдэнэс Монгол” ХХК хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг зорилтот түвшинд хүргэхийн тулд эрчим хүч болон дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй охин компаниудыг ерөнхий удирдлагаар ханган, компаниудын засаглал, хөгжлийн стратегийн асуудлыг Засгийн Газрын бодлого чиглэлтэй уялдуулан ажиллаж байна. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх хүрээнд бид нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч байна.

“Эрдэнэс Монгол” ХХК эдийн засгийн шинэ салбар бий болгож, нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлж байна. Австралийн Жейд метан компанитай хамтран “Эрдэнэс метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр шийдлээ хүлээж буй агаарын бохирдлыг бууруулахад энэхүү төсөл чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм.

“Эрдэнэс Монгол” ХХК БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүллээ.  Охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын “Sinosteel” компанитай хамтран нэмүү өртөг шингээх “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж буй нь манай улсын хувьд аж үйлдвэрийн цогцолборын эхлэл болохоос гадна гангийн экспортлогч болох ирээдүй хэмээн харж байна” хэмээв.

 

Холбоотой мэдээ