Их зураач Б.Шаравын нэрэмжит гуравдугаар сургуулийн 50 жилийн ой боллоо

Фото
185@montsame.mn
2019-09-19 12:51:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Их зураач Б.Шаравын нэрэмжит ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн хамт олон түүхт 50 жилийн ойн баяраа ажил үйлсийнхээ хөдөлмөр гавьяаг дүгнэн энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус сургууль нь анх 1969 онд 258 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өдгөө 2019-2020 оны хичээлийн жилд бага, дунд ахлах ангийн 33 бүлэгт 1100 гаруй сурагч, 78 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Ойн баяраар тус сургуулиар овоглодог үе үеийн багш, ажилчид, төгсөгчид хуран чуулж хагас зууны тэртээх алдаа оноо, алдар гавьяагаа дүгнэж, олон бүтээлч ажилд гар бие оролцжээ.

Тэд ойгоороо баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, хурдан морьдын уралдаан гээд чамгүй арга хэмжээг сургуулийн хамт олонтой хамтран зохион байгуулсан юм. Ийнхүү хагас зууны тодолголтой талын сургуулийнхаа 50 жилийн түүхийн жимээ өрнүүн амжилтаар угтан ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.