Хүүхдүүд Ховд голын эргийн хогийг түүж уралдав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-18 21:29:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын холбоо, "Сана" хувь хүний хөгжлийн сургалтын төв хамтран өнөөдөр Ховд голын эрэгт зохион байгуулсан «Гүйе, түүе» уралдааны үеэр хүүхдүүд хоёр тонн орчим хог түүж ачууллаа.

"Цэвэр орчин-Цэмцгэр Өлгий" сарын аяны хүрээнд явуулсан уг уралдаанд Өлгий хотын ерөнхий боловсролын сурагчид, залуучуудын төлөөлөл 40 хүүхэд оролцсон бөгөөд голын эргийн хамгийн хог ихтэй хэсэгт нэг километр зайд гүйнгээ хог түүв. Уралдаан 15 минут үргэлжилж, хүүхдүүд энэ хугацаанд нэг портер машин хог цуглуулжээ.

Уралдааны дүнгээр хамгийн хурдан хугацаанд шуудайгаа дүүргэсэн Эмпати сургуулийн сурагч А.Нурсултан тэргүүн байр эзэлж, залуу идэвхтэн Н.Бек, Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн сурагч О.Чинзая нар удаах байруудад шалгарлаа.

Зохион байгуулагчид эхний байрт орсон хүүхдүүдийг мөнгөн шагналаар урамшуулав.  

Холбоотой мэдээ