Өрхийн эмч нар хүн амын 70 хувьд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-18 14:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй баярын хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Хуралд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 2000 гаруй эмч, сувилагч, ажилтан оролцож байна.

Өрхийн эмнэлэгт 3000 эмч мэргэжилтэн ажиллаж, хүн амын 70 хувь  буюу 2.4 сая хүнд  анхан шатны 100 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэн,  20 гаруй төрлийн шинжилгээ хийж байна. Мөн  өрхийн эмч мэргэжилтнүүд 5 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн хяналтад авч, эхийн болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.


Баярын хурлыг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд 1996-2000 онд томоохон шинэчлэлт хийсэн нь өрхийн анагаах ухааныг шинээр нэвтрүүлэн өрхийн эмнэлгийн шинэ тогтолцоог үүсгэн байгуулж хөгжүүлсэн явдал юм. “Бүх нийтийн хамралт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй эрүүл мэндийн тусламжид хамруулах” зэрэг ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд манай өрхийн эмнэлгийн тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай бага насны хүүхдийн дархлаажуулалтын хамралт дэлхийн дунджаас дээгүүр байгаа нь өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын ажлыг үнэлэх чухал үзүүлэлт юм. Өрхийн эмч, мэргэжилтнүүд өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал хэвшил бий болгох, эрүүл мэндийн боловсрол олгох хэмжээнд хүрч, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг дурдахад таатай байна” хэмээв.

Өрхийн эрүүл мэндийн төв нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 9-р сарын 17-ны өдрийн 149 тогтоолоор Ховд, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар аймагт, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт анхлан байгуулагдаж байжээ.


Холбоотой мэдээ