Элчин сайдын яам, Консулын газар нээх тогтоолын төсөл өргөн барилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам, БНХАУ-ын Манжуур хотод консулын газар тус тус нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар, Булангийн орнуудтай худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, Абу Дабигийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалтын газар зэрэг санхүүгийн байгууллагатай шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо. Харин Беларусь Улсад Элчин сайдын яам байгуулснаар, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон тус улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх юм. Мөн манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, бараа эргэлтийг сайжруулах, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг тодотголоо.
Манжуур хотод Консулын газар нээснээр, Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжтой болох юм. Абу Даби, Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрыг тус бүр 3 орон тоотой байхаар төлөвлөж, зардлыг тооцсон байна. Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрын санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгажээ. Иймээс УИХ-ын тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, баталж өгөхийг хүсчээ.