Долоон хүний тав нь сарын дунджаас доогуур цалин авдаг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-16 17:38:40

Бурханы шашин зохилдог манай орны хувьд “бурханы оронд төрөхсөндөө” гэж ахмадууд хоорондоо ярьж сонсогддог.  Тэдний хэдэн хувь нь хүсэл мөрөөдөлдөө хүрч бурханы оронд очиж төрдгийг  хэлж мэдэх хүн байхгүй биз дээ.  Гэхдээ мухар сүсэгт автсандаа тэд ингэж хэлж байгаа гэж үзэхэд бэрх. Яг энэ хэллэгтэй дүйцүүлэн гарч ирсэн болов уу гэлтэй “амь зууж амьдрана гэдэг бурханы оронд төрөхөөс хэцүү” гэх хэлц үг бас байна. Эндээс амьдралын үнэ цэнэ, амьдрах аргын тухай ойлголт гарч ирнэ.


Амин зуулгын тухайд зуу зуун жилийн туршид нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын хувьд “ таргийн таван ямаатай”, “чөдрийн ганц морьтой”, “саалийн хоёр үнэ шувтарч байна” гэх зэргээр тодорхойлж иржээ.Нийт монголчуудын амьдралынх зураглал ийм байсан биз. Гэхдээ монголчууд туулсан бүх зуундаа бүгдээрээ ийм ядуу дорой амьдарч байсан гэвэл үнэнээс дэндүү хол зөрнө.”Уулын мод урттай, богинотой” гэдэг шиг хүн хүний амьдрал янз бүр байсан гэж ойлгож болно. 


Монголчуудын амин зуулгад хэлбэр агуулгын хувьд маш их өөрчлөлт оруулсан  он жилүүд 20 дугаар зууны хоёрдугаар хагас гэж зарим эдийн засагчид хэлэх юм билээ . Энэ үе нь ард түмний амин зуулганы эх үүсвэр болсон хувийн малыг нийгэмчилсэн үе (1959 он). Энэ нь бүх өмч (мал)-ийг төрд төвлөрүүлж төрийн капитал бий болгох гэсэн марксист, ленинист үзлийн үүднээс үндэсний эрх чөлөөний уур амьсгал дор гарсан хувьсгал (1921 он) бусдын нөлөөгөөр (комментерн) гажсантай салшгүй холбоотой гэж үзэх юм билээ.

Монголд мал нийгэмчилж, хамтын аж ахуй (нэгдэл) аж үйлдвэрийн газар бий болсон (1934 он)-оор бүх нийтийг хамарсан цалин, хөлсний тогтолцоо гарч ирж  малын ашиг шимээр, төдийгүй хөдөлмөрийн хөлсөөр иргэд  амьдралаа залгуулж эхэлсэн юм билээ. Түүнийг эдүгээ цалин гэж нэрлэж ойлгох болжээ.


Үндэсний статисткийн хороо (ҮСХ)-оос жил улирлаар иргэдийн сарын дундаж цалинг бодож гарган олон нийтэд мэдээлдэг уламжлалтай. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн аж ахуйн нэгж, иргэдийн тоон дээр тулгуурлан энэ оны хоёрдугаар улирлын сарын дундаж цалинг наймдугаар сард бодож гаргажээ. Түүнийг  дэлгэрэнгүйгээр нь авч үзье.


Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-т  энэ оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид НДШ төлжээ. Шимтгэл төлөгчдийн 67.4 мянга нь 320000 төгрөг хүртэл, 89.1  мянга нь 320001-500000 төгрөг, 209.1  мянга нь 500001-900000 төгрөг, 148.7  мянга нь 900001-1300000 төгрөг, 42.0  мянга нь 1300001-1500000 төгрөг, 119.6  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай юм байна.


Салбараар  нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж цалин хамгийн өндөр 2.6 сая төгрөг байна. Харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 615.3 мянган төгрөг буюу хамгийн бага гарчээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6 мянган төгрөгөөр (2018 оны дөрөвдүгээр улирал) өссөн байна.


Сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 780.8 мянган төгрөг, зүүн бүсэд 883.9 мянган төгрөг, хангайн бүсэд 978.0 мянган төгрөг, төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 157.5-380.4 мянган төгрөгөөр бага байна.  Улаанбаатар хотод сарын дундаж цалин  1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.4 мянган төгрөгөөр их гарчээ.


Нийт даатгуулагчдын 100.3 мянга нь боловсролын , 82.3  мянга нь бөөний болон жижиглэн худалдаа: машин, мотоциклийн засвар үйлчилгээнд ажилладаг. Мөн 71.7  мянга нь  боловсруулах үйлдвэрлэлд, 46.7 мянга нь барилга дээр, 42.9 мянга нь эрүүл мэнд ба нийгмийн халамжийн салбарт, 40.7  мянга нь уул, уурхай олборлолтын салбарт  ажилладаг гээд нарийвчлан гаргажээ. НДЕГ-ын НДШ төлөлтийн 2019 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 675 мянга 900 ажиллагчдын медиан цалин нь 842.9 мянган төгрөг гарсан байна.


НДШ төлсөн 675 мянга 900 иргэнээс сарын дундаж 1,2 сая төгрөгөөс доогуур цалинг 514 мянга 500 орчим иргэн авдаг юм байна. Харин 161 мянга 200 орчим иргэн 1,2 сааас дээш төгрөгийн цалин авч байна. Цалин авч НДШ төлж байгаа ажиллагчдаас ойролцоогоор долоон (676 мянга) хүний тав (514 мянга) нь  сарын дунджаас доогуур цалин авч байна. Цалин гэдэг бол эдүгээ амин зуулганы эх үүсвэр билээ. Тэгвэл эдүгээ цөөнх нь хангалуун (өндөр цалинтай) амьдардаг. Харин үнэмлэхүй олонх нь бага цалинтай урьдын адил амин зуулга  доогуур (“таргийн таван ямаатай”, “чөдрийн ганц морьтой) хэвээрээ амьдарч байгаа бололтой. Цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс нэмнэ.

Холбоотой мэдээ