Засгийн газрын нээлттэй өдөрлөг агентлагуудаас эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, нэг цэгээр үйлчлэх нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна.
Өдөрлөг өнөөдөр
Д.Сүхбаатарын талбайд Сангийн яам, түүний харьяа газрууд Татварын ерөнхий
газар, гааль, мэргэжлийн хяналт, Стандартчилал, хэмжил зүй болон ШӨХТГ, хуучнаар ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого,
зохицуулалтын газар, ОБЕГ зэрэг яам, агентлагууд, мөн Монгол Улсын Хөгжлийн банк, “Эрдэнэт”
үйлдвэр зэрэг төрийн өмчит ААН, байгууллагууд асар барин үйл ажиллагаа,
үйлчилгээгээ танилцуулснаар эхэллээ.
Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газрын танхимын гишүүн сайд нарын хамт оролцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж хэлэхдээ, Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулж, төр засгийн байгууллагууд хуваарийн дагуу ажлаа тайлагнаж иргэдэд үйлчлэхийг мэдэгдсэн юм.
“Одоо Засгийн газар эдийн засгийн энэ өсөлтийг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч ажиллах үлдээд байгаа”-г тэмдэглэв. “Шударга ёс тогтоох, төрийн албанд хариуцлага, сахилга батыг сайжруулах, хууль бусаар байгалийн баялаг эзэмшиж байгаа ААН, хувь хүмүүстэй хариуцлага тооцох, баялгийн хуваарилалтыг оновчтой, нийтэд хүртээмжтэй болгоно. Татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, цалин, тэтгэврийг нэмж, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг тууштай үргэлжлүүлэх”-ээ Ерөнхий сайд өдөрлөгийн үеэр мэдэгдсэн юм.
Өдөрлөгөөр Стандартчилал, хэмжилзүйн газар иргэдээс үйлчилгээнийхээ талаарх судалгааг газар дээр нь авч байсан бол ШӨХТГ хэрэглэгчдэд эрхээ хамгаалах талаар хууль эрхзүйн зөвлөгөө өгч байв. Монгол Улсын Хөгжлийн банк үнэт цаасны болон хөрөнгө оруулалтын хоёр охин компанитайгаа хамт өдөрлөгт оролцож, зээлийн шаардлагаа өөрчилснөө танилцуулж, хөрөнгө оруулагчид болон үйлчлүүлэгч нарт цахимаар бүртгүүлэх заавар өгч байв. Монголын Хөрөнгийн бирж брокер диллерийн буюу үнэт цаасны компаниудын хаяг, байршил бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг тарааж, хөрөнгийн зах зээлтэй холбоотой сургалтуудаа танилцуулж байлаа.
Өнөөдөр Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудаас эхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын нээлттэй өдөрлөг хуваарийн дагуу энэ есдүгээр сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. Үүнд:
- 2019.9.17-нд ГХЯ-Консулын газар иргэдэд зөвлөгөө өгч, Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улс, үндэстний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлнэ.
- 2019.9.18-нд
ЭМЯ-Төрөлжсөн
мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээг үзүүлж, хүүхдийн хараа, чих, хамар, хоолойн үзлэг явуулна.
- 2019.9.19-нд
ХЗДХЯ-Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт,
өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл,
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн
мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний талаар танилцуулж, зөвлөгөө өгнө.
- 2019.9.20-нд
БОАЖЯ-Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал
түлшний хэрэглээ, “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө өгнө.
- 2019.9.21-нд
ХНХЯ-Ажлын
байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн
үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл,
зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй
холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез,
ортопедийн танилцуулга, захиалга авах
- 2019.9.22-нд
ЗТХЯ-Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт хийж
байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авна.
- 2019.9.23-нд
БХБЯ-Тусгай
зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авч, газар өмчлөх, эзэмших, ашиглах,
эрхийн барьцаанд бүртгэх, лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр,
бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө, гэр
хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,
- 2019.9.24-нд
БХЯ болон ХХААҮХЯ-Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн,
жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй
зөвлөгөө, ЖДҮ-ийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой
мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа,
хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах зөвлөгөө өгнө.
- 2019.9.25-нд
УУХҮЯ-Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын
талаар мэдээлэл өгч танилцуулан, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах
- 2019.9.26-нд
ЭХЯ-Иргэдийн
гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл
хүсэгч иргэн, ААН-үүдээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх,
эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ
бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа гарна.
- 2019.9.27-нд
БСШУЯ-Их,
дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах талаархи мэдээлэл, сургууль,
цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар
утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулж, гар утсанд суулгаж өгөх
зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
- 2019.09:17-27-нд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ