В.Путин Х.Нурмагомедовтой уулзжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-13 11:42:55

МАХАЧКАЛА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “UFC”-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов болон түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов нартай ОХУ-ын Бүгд найрамдах Дагестан Улсын нийслэл Махачкала хотын нисэх буудалд уулзжээ.


Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн Дагестанд хийсэн айлчлал дуусаж, нисэх буудалд ирэх үед холимог тулааны нэртэй тамирчин Х.Нурмагомедов аавынхаа хамтаар ирж уулзсан байна. Өнгөрсөн бямба гарагт Х.Нурмагомедов АНУ-ын тамирчин Дастин Пуарьетэй тулалдаж, аваргын бүсээ хамгаалжээ. ОХУ-ын тамирчин гуравдугаар үед Д.Пуарьег боолт хийн буулгаж авсан байна.


В.Путин UFC”-гийн аварга болон түүний аавтай халуун дотноор мэндчилэн тэвэрчээ. Дагестан улсын тэргүүн Владимир Васильев мөн тэдэнтэй уулзсан байна. Ялалт байгуулсан хүүд тань баяр хүргэе гэж В.Путин А.Нурмагомедовт хэлээд, түүнийг хүчирхэг тулаанч хэмээн сайшаажээ. Mөн тэрбээр Н.Нурмагомедовт хандан, “Баяр хүргэе. Маш сайн, гоёмсог, шударга тулаан болсон. Би маш сайн боолтыг үзсэн” гэж хэлжээ. Түүнчлэн тэд тулааны үе бүрт ашигласан тактикуудын талаар ярилцжээ.


ОХУ-ын Бүгд найрамдах Дагестан Улсаас гаралтай Х.Нурмагомедов өнгөрсөн онд АНУ-ын өрсөлдөгч Аль Яквинтаг буулган авснаар “UFC”-гийн аваргаар шалгарсан анхны Оросын тамирчин болжээ. Өдгөө 30 настай “бүргэд” хочит Х.Нурмагомедов холимог тулааны 28 тэмцээнд оролцсоноос бүгдэд нь ялалт байгуулсан гайхалтай амжилтыг эзэмшиж байна. 

Холбоотой мэдээ