Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн 44 дэх жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-09 17:14:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, Нийслэлийн ЗДТГ хамтран “Улаанбаатар түншлэл-2019” намрын олон улсын үзэсгэлэнг энэ сарын 12-15-нд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.

Олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, дэлхийн стандартад нийцсэн импортын барааг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөтгөж түншлэлийг бий болгох зорилготой тус үзэсгэлэнг энэ жил 44 дэх удаагаа болох юм.

Үзэсгэлэнд Монгол, БНСУ, ХБНГУ, ОХУ, Тайвань зэрэг орны бизнес эрхлэгчид оролцон, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Тухайлбал, Тайванийн Гадаад худалдааны нийгэмлэг тэргүүлэх 9 компанийн бүрэлдэхүүнтэй бизнес групп Тайваньд үйлдвэрлэсэн хүнс боловсруулах тоног төхөөрөмж, барилгын материал, унадаг болон автомашины дугуй, түрдэг тэрэг, арьс арчилгааны бүтээгдэхүүн, өндөр технологи ашиглан үйлдвэрлэсэн нэхмэл зэрэг бараа бүтээгдэхүүн дэлгэх юм. Мөн  Тайванийн Экспорт, импортын банкны санхүүжилтийн зээлийн шугамын гэрээт 6 банк үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн зээлийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

Тайваниас Монгол Улсад суугаа дэд төлөөлөгч Жой Янь, “Тайваниас Монгол Улсад  хийж буй экспортын хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байна. 2018 онд Монгол Улс Тайваниас импортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 10 сая ам.долларт хүрсэн бөгөөд 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өссөн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг сэргэж буйг мөн Тайванийн бараа бүтээгдэхүүн монгол бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж буйг илтгэж байна” хэмээв.

Тус үзэсгэлэнгээс барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, инновац, үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн зэрэгтэй танилцах боломжтой.

Холбоотой мэдээ