Уурын амьсгалын гэрээнд 130 гаруй орон гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-04-08 09:41:12

НҮБ. /TASS/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын гэрээнд дэлхийн 130 гаруй орны эрх баригчид гарын үсэг зурна гэдгээ мэдэгджээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 22-нд НҮБ-ын төв байранд болно.

НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээллээр, дээрх арга хэмжээнд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд зэрэг төр, засгийн 60 гаруй тэргүүн оролцох аж.

“Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Парисын гэрээнд гарын үсэг зурна гэдгээ дэлхийн 130 гаруй орон  мэдэгдсэн. Энэ нь 1994 онд Ямайкийн Монтего-Бей хотод Далайн эрх зүйн тухай конвенцид 119 орон гарын үсэг зурж байсан өмнөх "дээд амжилтаас" давж байна ” гэж НҮБ-ын хэвлэлийн алба дурдлаа.

Парисын уур амьсгалын гэрээг 2015 оны 12 дугаар сарын 12-нд Францын нийслэл Парис хотод болсон бага хурлын үеэр баталсан билээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ