“Говийн чоно-2019” олон улсын сургалт Дорноговь аймагт болно

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-09-07 17:01:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт энэ сарын 9-21-ний өдөр зохион байгуулна.


Тус сургуулийг 8 дахь удаагаа Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах юм. Дорноговь аймгийн хувьд, говь хээр хосолсон нутагтай, хүн малын гоц халдварт өвчин их тохиолддог, 4,6-35 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг.


Мөн хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихсэж байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм.


Тиймээс гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай туршлага солилцож, шинэ дэвшил, шинэ санаа, шинэ туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага сургуулиудыг хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Дадлага сургуулийн үеэр Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх, хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, үйлдвэрийн барилгад химийн ослын үед болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага, сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад гүйцэтгэнэ. Мөн өмнөд бүсийн төв Өмнөговь, зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ