Мянгад сумын адуун сүрэг 11552 тоо толгойд хүрчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-04 16:37:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын малчид "Мянгад" адууг хурд-махны чиглэлээр үржүүлж байгаа юм. 

Өнгөрсөн онд ХХААХҮ-ийн сайдын А-190 дүгээр тушаалаар "Мянгад" адууг бие даасан омгоор баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулан “Мянгад адууны баяр” зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа баярын хурал, хүндэтгэлийн концертоор эхэлсэн бөгөөд их нас, соёолон, азарга, шүдлэн, даага, хязаалан насны хурдан морины уралдаан, сурын харваа, хүчит бөхийн барилдаан болов.

Мянгад адууны баярыг тохиолдуулан “Тал” гэх газарт “Адуучин” тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Чандмань, Буянт сум болон Увс аймгийн Завхан, Өлгий, Наранбулаг, Өмнөговь сумын 65 адуучин залуу оролцжээ.

Тэд  ташуур шүүрэх, явган болон морьтой морь бугуйлдах, эмнэг сургах гэсэн дөрвөн төрлөөр өрсөлджээ. Тэмцээнийг  Мянгад сумын “Цагаан булан” багийн иргэн С.Занданхүүгийн гэр бүл  ивээн тэтгэв.

Ховд аймгийн Мянгад сумын адуун сүрэг 11552 тоо толгойд хүрсэн бөгөөд хурд хүч, уналга эдэлгээ, чанар чансаагаараа бүс нутагтаа тэргүүлдэг аж.  

Мянгад суманд үржүүлж буй Мянгад адуу нь монгол орны баруун, их нууруудын ай сав, байгаль, цаг уурын эрс, тэс уур амьсгалтай бүс нутагт дасан зохицсон. Тус адуу цээж өргөн, гүн, нуруу шулуун, хондлой бөөрөнхий, сахлаг өтгөн сүүлтэй, толгой харьцангуй том, хамар монхор, хамрын нүх уужим, хавирганы матаас сайтай, яс бат бөх, шөрмөс ил тод, цомбон туурайтай зэрэг онцлог шинжтэй гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 6,5 сая, орон нутгийн хөгжлийн сангаас 4,1 сая, нийт 10,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын наадмын талбайг тохижуулж, сандалтай болгосон байна.



Холбоотой мэдээ