"Халх голын дайны ялалтын 80 жил" маркийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-02 19:53:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Зөвлөлтийн дайчдын байгуулсан Халх голын дайны ялалтын 80 жилийн түүхт ойг тохиолдуулан гаргасан маркийг өнөөдөр Төрийн ордонд нээлээ. 


“Халх голын дайны ялалтын 80 жил” маркийн анхны өдрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, “Монгол шуудан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ХХЗХ-ны дарга Г.Чинзориг, ХХМТГ-ын дарга Б.Чинбат зэрэг албаныхан оролцов. 



Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг Монгол, ОХУ-ын Засгийн газар, хоёр орны Ерөнхийлөгч нар хамтран тэмдэглэж, бүх ажлаа уялдуулж байгааг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээлтийн үеэр цохон тэмдэглэв. Тухайлбал, ойг тэмдэглэхэд төлөвлөгөөнд тусгасан А.В.Александровын нэрэмжит чуулга, ОХУ-ын “Русские витязи” нисэх онгоцны багийн үзүүлбэр толилуулсан гэдгийг дурдав. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хүрэлцэн ирж, ойг тэмдэглэх зарим хүндэтгэлийн ёслолд биечлэн оролцохыг тодотгов. Тэрбээр, “Халх голын дайны ялалтын анхны маркийг 1959 онд гаргаж байсан юм билээ. Түүнээс хойш 20, 30, 40, 50, 60, 70, 75 жилийн ойн маркийг гаргаж байсан түүхтэй. Монгол шуудан ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье” хэмээв. 



ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев, “Хоёр орны хамтын түүхэнд том хуудас болсон энэхүү дайны ялалтыг тэмдэглэж, марк гаргаж буйд талархаж байна. Монгол, Зөвлөлтийн дайчид Японы милитарист армийг бут цохисон явдал нь дэлхийн хоёрдугаар дайны чиглэлийг өөрчилсөн байдаг. Учир нь Германы холбоотон байсан Японы арми энэ дайнаас хойш ЗХУ-д довтлохоос татгалзсан юм. Хоёр орны хамтын ялалт, найрамдалт ах дүүгийн харилцаа ямар бат бөх, хүчтэй байсныг ирээдүй хойч үед сурталчлан таниулахад энэ марк чухал үүрэгтэй” хэмээсэн юм.


“Монгол шуудан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, “Түүхэн ялалтын ойг тохиолдуулан гаргаж буй маркийн нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа. Монгол Улс 1924 онд анхныхаа маркыг гаргаж байсан түүхтэй. Түүнээс хойш энэ удаа 1048 дахь сэдвийн маркаа нээж байна. Аливаа улс, ард түмний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншил мөнхөрч үлддэг марк нь тусгаар улсын бэлгэ тэмдэг ч болдог. Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө Монгол-Зөвлөлтийн ахан дүүс хамтдаа тэмцсэн юм. Энэ түүхийг бэлгэдэж марк гаргаж буйд таатай байна” гэлээ.


“Халх голын дайны ялалтын 80 жил” сэдэвт марканд БНМАУ-ын баатар зоригт улаан цэргийн Их жанжин туг, ЗХУ-ын туг, Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон хамгийн том хөшөө болох “Ялалт хөшөө”, Монгол дайчдын хөшөө зэргийг дүрсэлсэн талаар Монгол цэргийн музейн ерөнхий менежер, ахмад Ж.Алтангэрэл танилцуулав. Тэрбээр, “Энэхүү дайны ялалтын ойн маркийг Монгол цэргийн музей, Монгол шуудан ХХК-тай хамтран судалгаа явуулснаар зохиомжлон гаргасан. Халх голын дайны ялалтыг мөнхжүүлсэн хөшөө, дургалаас гадна Монгол цэргийн музейн санд хадгалж байгаа үзмэр, эд зүйлийг харуулсан байна” хэмээн танилцуулсан. 



Марканд Зөвлөлтийн нисэх хорооны И-16 сөнөөгч онгоц, байлдааны БТ-5 танк, “БА-20” хуягт машин, дуран хараатай винтов буу барьсан ЗХУ-ын цэрэг зэргийг дүрсэлж, тухайн үеийн дайны ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн техник хэрэгслийг алдаршуулжээ. Түүнчлэн маркийн Купоны хэсэгт Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалж буй Монгол Улсын цэргийн дээд цол "Маршал"-ын мөрдэс, Манж-го улсыг оршин байх үеийн боржин чулуун хилийн багана, БНМАУ-ын баатар Ц.Олзвойн хэрэглэж байсан Пулемет-ДП-г тусгасан байна. Үүнээс гадна маркийн анхны өдрийн дугтуйнд Маршал сэлэм, Халх голын дайны ерөнхий давшилтын газрын зураг зэргийг оруулжээ. 



Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар маркийг анхны өдрийн дардсаар тамгалж, гарын үсэг зурснаар дурсгал болгон солилцсон юм.  


Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллаж, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Цэргийн музейн хамт олон мэргэжлийн зөвлөгөө өгч, судалгаанд нь тусалжээ.  Маркийн нэг бүрийн үнэ 400 төгрөг бөгөөд 30 мянган ширхэгийг хэвлүүлсэн байна. 








Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ