Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр

Дэлхийд | Эрүүл мэнд
jargal@montsame.mn
2016-04-07 14:06:41

ЖЕНЕВ. /TASS/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд тохиодог Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жилийн хувьд “Чихрийн шижинг ялцгаая!” уриан дор тэмдэглэнэ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн тоо эрс өсч байгаатай холбоотойгоор улс орнууд болон олон нийтийн анхаарлыг уг өвчинд хандуулах нь чухал гэж үзжээ. 1980 оноос хойш чихрийн шижинтэй хүмүүсийн тоо бараг дөрөв дахин нэмэгдэж 422 саяд хүрсэн байна.

Чихрийн шижин өвчний талаарх ДЭМБ-ын тайлан мэдээнд дурдсанаар, 2014 онд дэлхийн хүн амын 8.5 хувьд нь халдварт бус уг өвчин илэрчээ. 4.7 хувьтай байсан энэ үзүүлэлт 1980 оноос хойш бараг хоёр дахин өссөн байна. 2012 онд чихрийн шижингийн улмаас 1.5 сая хүн нас барсны 43 хувь нь 70 хүртэлх насны хүмүүс аж. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, 2030 он гэхэд чихрийн шижин нь нас баралтын долоо дахь гол шалтгаан болно.

“Чихрийн шижингээр өвчлөх явдлыг зогсоож, ахиц дэвшилд хүрэхийн тулд бид эрүүл хоол хүнс хэрэглэж, биеийн тамираар хичээллэж, илүүдэл жинтэй болохоос зайлсхийх хэрэгтэй. Түүнээс гадна, улс орнуудын засгийн газрууд туйлын ядуу нөхцөлд хүмүүс амьдралын эрүүл хэв маягийг сонгох боломжоор хангах, чихрийн шижинг оношилж, анагаах боломжийг бий болгох ёстой” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чэн мэдэгдлээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ