Н.Энхжаргал: СӨХ-ны ажлыг төрийн байгууллага хариуцах нь зарим тохиолдолд илүү үр дүнтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-27 18:07:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-г байгуулаад 20 жил болжээ. Гэвч Сүхбаатар аймагт СӨХ гэж байгууллага өнгөрсөн 07 дугаар сарыг хүртэл байгаагүй. Ганц нэг удаа байгуулах гэж үзсэн ч үр дүнд хүрэлгүй татан буугдсан. Үүний улмаас нийтийн эзэмшлийн эд зүйлс хариуцах эзэнгүй болж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар ихээр бий болсон. Тиймээс СӨХ-ны үйл ажиллагааг төрийн байгууллагаар хариуцуулах шийдвэр гаргасан юм. Энэ талаар "Уртын гэгээ" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын дарга Н.Энхжаргалтай ярилцаж тодруулсан юм.


-Сайн байна уу та. Сайхан зусав уу?

-Сайн, сайн байна уу.  Сайхан зуслаа. Зуны саруудыг их л завгүй өнгөрөөлөө дөө.

-Ярилцлагын эхэнд байгууллагынхаа талаар товч танилцуулна уу? Яг ямар зорилгоор байгуулсан юм бэ?

-Манай байгууллага нь Баруун-Урт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны 18 тоот тогтоолоор “Уртын гэгээ” ОНӨААТҮГ /орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар/ нэртэйгээр байгуулсан. Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, орон сууцны орцны гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, чийрэгжүүлэлтийн болон тоглоомын талбайн засвар үйлчилгээ, хөшөө дурсгалын арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, сурталчилгааны самбарын засвар үйлчилгээ гэсэн чиглэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхийдөө нийтийн эзэмшлийн эд зүйлсийг л хариуцна гэсэн үг. Одоо дээр нь СӨХ-ны ажлыг хариуцаж байна.

-СӨХ-ны ажлыг хариуцна гэлээ. Энэ талаар тодруулаач?

-Орон сууц хувьчлагдаад 20 жил болж байгаа боловч Баруун-Урт сумын хэмжээнд СӨХ байдаггүй. Байгуулсан ч янз бүрийн шалтгаанаар амжилттай ажиллаж чадаагүй. Энэ нь оршин суугчдын дундын өмчлөл эзэнгүйдэн хариуцах эзэнгүй болж, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, тогтмол биш зэрэг доголдолтой талуудын үндэс болж байгаа. Ийм учраас Баруун-Урт сумын ЗДТГ-аас оршин суугчдын ая тухтай байдлыг тодорхой түвшинд хангах үүднээс СӨХ-ны зарим нэг үүргийг манай байгууллагад хариуцан ажиллуулахаар шийдвэр гаргасан юм.

Манайх СӨХ-ны ажлыг хариуцан гүйцэтгэснээр, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг чанаржуулж, цэвэрлэгч нарыг нэг удирдлагаар хангаж ажиллан, тэдний ачааллыг тэнцвэржүүлэх юм. Мөн орц болон гадна талын гэрэлтүүлэг, тоглоомын талбайн засвар, үйлчилгээ, айл өрхийн хаалганаас орцны хаалга хүртэлх засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн орон сууцны гаднах орчны цэвэрлэгээг хариуцна. 2020 оноос нийтийн эзэмшлийн бүх орон сууцыг камержуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Эдгээр ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ, "Дөрвөлж" компани, оршин суугчидтай хамтран гүйцэтгэх болно.

-Сүхбаатар аймагт СӨХ-г өмнө байгуулсан боловч удалгүй татан буугдсан. Яагаад?

-Энэ нь санхүүгийн боломжоос шалтгаалсан зөвхөн оршин суугчдын хуримтлалаар ажиллах гэж үзсэнтэй холбоотой. Хуримтлал үүсгээгүй байж үүссэн хуримтлалаа аппаратыг цалинжуулсан зэрэг нь санхүүгийн хүндрэл учруулж, цааш хэвийн ажиллах боломж олгоогүй гэж үздэг. Хуучин аймгийн төвийн бүх орон сууцны цэвэрлэгээг ердөө зургаан хүн хариуцан ажиллаж байсан бол одоо СӨХ-той болсноор үйлчлэгч нартайгаа нийлээд 15 хүнтэй ажиллаж байна.

-СӨХ-ны үйл ажиллагааг төрийн байгууллага хариуцахыг  хуулиараа зөвшөөрдөг юм уу?

-Хуулиараа бол оршин суугчдын санал санаачилгаар байгуулах ёстой. Гэвч оршин суугчдын санал санаачилга гараагүй мөн санхүү нь бие даагаад явах боломж бүрдээгүй байгаа учраас дундын өмчийг хариуцах эзэнтэй болгох үүднээс уг ажлыг зохион байгуулсан. Мөн төрийн байгууллага уг ажлыг гүйцэтгэхийг хуулиар хориглосон зүйл байхгүй. Манай хувьд бол төрийн өмчийн байгууллага энэ ажлыг хариуцах нь тийм ч муу зүйл биш гэж дүгнэж байгаа. Учир нь өмнө нь СӨХ байгуулаад оршин суугчдаас хураасан мөнгөө зөвхөн аппаратын ажилчдын цалин хөлсөнд зарцуулдаг байсан бол энэ удаад тухайн мөнгө зөвхөн шаардлагатай засвар үйлчилгээндээ явах юм.

-Оршин суугчдаас татсан мөнгө зөвхөн цэвэрлэгээ, засвар үйлчилгээнийхээ ажилд зарцуулна гэхээр СӨХ төрийн байгууллагын мэдэлд байх нь бараг давуу талтай юм биш үү. Цаашид энэ хэвээр үргэлжилнэ гэсэн үг үү?

-Одоо бол янз бүр байна. Оршин суугчдын хуримтлуулсан мөнгө цэвэрлэгчийн ажлын хөлс, жижиг засваруудад зарцуулагдаж байна. Том хэмжээний засварын ажлыг төрд зуучлах үүрэг гүйцэтгэнэ. Давуу тал болон сул тал нь явцын дунд харагдах байх. Цаашид иргэдийн санал санаачилгыг дэмжиж ажиллана. Ямартай ч нийтийн эзэмшлийн эзэнгүйдэж байсан эд зүйлсийг албан ёсны эзэнтэй болгож, засвар үйчилгээ, арчилгааг тогтмолжуулсан.

-Тэгвэл танайх СӨХ хариуцах болсноосоо хойш яг ямар ажлуудыг хийв?

-Манайх СӨХ-ны үйл ажиллагааг 07 дугаар сараас эхлүүлсэн. Үүнээс хойш богино хугацаанд багагүй ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Зарим орон сууцны орцны хонгил болон автогараашны бохирын шугамын хоолойг засварлан сольж тавин, бохирыг бүрэн цэвэрлэж, үнэргүй  болгосон. Энэ бол олон жил хуримтлагдаад байсан ажил гэж хэлж болно. Нийтийн эзэмшлийн талбайн зэрлэгийг зулгааж цэвэрлэгээ үйлчилгээ хийх, цэцэрлэгт хүрээлэн, саадны сүүдрэвч саравч болон гүүрний эвдрэл гэмтлийг засварлах, тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн талбайн засвар, бүх орон сууцны гадна талбайн их цэвэрлэгээг хийж гүйцэтгээд байна. Эдгээр бүх ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ, "Дөрвөлж" компани, оршин суугчидтайгаа хамтран хийж гүйцэтгэж байна.

-Оршин суугчид хэрхэн хүлээж авч байна. Төлбөрийг ямар шугамаар хураах уу?

-Янз бүр. Тогтмол цэвэрлэгээ хийж байгаагүй, төлбөр төлдөггүй байсан орон сууцнуудын оршин суугчдад огцомдоод байх шиг байна. Урьд нь цэвэрлэгээ хийдэг, 5000-6000 төгрөг төлдөг байсан орон сууцны оршин суугчид боломжтой гэж хүлээн авч байна. Төлбөрийг "Дөрвөлж" компаниар дамжуулж, хэрэглэгчдийн ус дулааны мөнгөтэй хамт авч байгаа. Үйл ажиллагаа жигдрээд, ажил сайжраад ирэхээр хүмүүс сайнаар хүлээн авч манай ажлыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

-СӨХ-ны үнэ ямар байна? Зарим газарт үнэ их өндөр байдаг юм билээ?

-Бид Баруун-Урт сумын ЗДТГ, “Дөрвөлж” ХХК-тай хамтран оршин суугчидтай гурвалсан гэрээг байгуулж байгаа. СӨХ-ны сарын хураамж нь 8000-10000 төгрөг гэж тогтсон. Хоёр өөр байдгийн шалтгаан нь насостой орон сууцны оршин суугчид 10000 төгрөг, бусад орон сууцныхан 8000 төгрөгөөр тооцогдох юм. Төлбөр хураамжийн задаргааны тухайд 5000 төгрөг нь цэвэрлэгчийн цалин хөлс, 3000 нь засвар үйлчилгээний зардал, насостой байрны насосны цахилгааны төлбөрт 2000 төгрөг нь зарцуулагдахаар тооцон хурааж байгаа.

-Олон жил СӨХ-гүй байсан болохоор эсэргүүцэл байгаа л байх?

-Тэгэлгүй яахав. Тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч л байна. Гэхдээ гурван байгууллага тохиролцож, гэрээ байгуулан СӨХ-ны үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллуулах зорилго тавин хамтран ажиллаж байна. Уг ажилд иргэд маань өөриймсгөөр хандаж идэвхтэй оролцож дэмжээсэй гэж хүсэж байна. Иргэдээс татсан мөнгө эргээд оршин суугчдын өөрсдийн төлөө зарцуулж байгааг хүн бүр ухамсарлан ойлгоосой, хамгийн гол нь нийтийн эзэмшлийн орон сууцны оршин суугчид, иргэд та бүгд өөрсдийн эд хөрөнгөө хамтран хамгаалах, эзэмших, ашиглах нийтийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгааг ойлгох тал дээр, Сууц Өмчлөгчдийн Холбоо /СӨХ/-ны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт  итгэж байна.

-Баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ