“Их нартын бэлчээрийн менежмент” хэлэлцүүлэг боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-08-26 15:53:25

Дорноговь /МОНЦАМЭ/. АНУ-ын Денверийн Зоологийн сангаас санаачилж аймгийн ИТХ, “Монголын ховор амьтныг хамгаалах эвсэл” ТББ, Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа хамтран “Их нартын бэлчээрийн менежмент” хэлэлцүүлгийг 08 дугаар сарын 21- 22-нд Сайншанд суманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, Даланжаргалан, Айраг сумын удирдлага, мэргэжилтнүүд, Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын төлөөлөл, ШУА-ийн судлаачид, АНУ-ын Денверийн Зоологийн сангийн судлаач, төлөөлөгчид, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, байгаль хамгаалагч нарын төлөөлөл 95 хүн оролцов.

Их нартын байгалийн нөөц газрын бэлчээрийн менежментийг зохион байгуулах нь өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн нөлөөллөөс газар нутгийг хамгаалах, бэлчээрийн зохистой харьцааг бий болгох, орон нутгийн иргэдийн байгаль хамгаалах оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой аж.

Тиймээс оролцогчид эхлээд саналаа дэвшүүлэн дараа нь бүлгээр ажиллаж, Их нартын ан амьтан, бэлчээр, агаар, ус, хөрсийг хамгаалах талаар санал солилцов. Юун түрүүнд малчдын олонх нь бэлчээрийг хамгаалах, усны зохистой хэрэглээг буй болгох, иргэдийн байгаль хамгаалах мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тус бүс нутгийн ойролцоо уул уурхай эрхлэхгүй байх зэрэг санал гаргалаа.

Дээрх хэлэлцүүлэг цаашид дахин үргэлжлэх аж. Их нартын байгалийн нөөц газрын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ИТХ-аас жил бүр тодорхой төсөв хөрөнгө төсөвлөж ажиллаж буй. Мөн энэхүү бэлчээрийн менежментийн хэлэлцүүлгийг дэмжин ажиллаж орон нутгаас сонгогдсон аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийг оролцуулан мэдээлэл сонсож, цаашид байгаль орчны асуудлаар гаргах шийдвэр, тогтоолд бодитой хандахад чухал ач холбогдолтой талаар аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр байр сууриа илэрхийлсэн.

Монголд анх удаа орон нутгийн санхүүжилт, менежментээр байгуулж үйл ажиллагаа нь тогтмолжсон Их нартын байгалийн нөөц газрыг цаашид Байгалийн цогцолборт газар болгосноор байгаль хамгаалал хийгээд ан амьтныг хамгаалах үйл ажиллагаа, хамрах хүрээ нь  өргөжих боломжтой аж.

Их нартын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дамнан орших бөгөөд говийн аргалийн байршлын хамгийн зүүн хойд хил байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй газар юм.

Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дөрвөөс таван хүний орон тоо, цалинг аймгийн ИТХ-аас шийдвэрлэдэг бөгөөд орон нутгийн ан амьтан, байгаль экологийн асуудлыг идэвхтэн байгаль хамгаалагчдын тусламжтайгаар хамгаалж иржээ.

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учир УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Их нартын байгалийн нөөц газар АНУ-ын Денверийн Зоологийн сантай 2000 оноос хойш хамтран ажиллаж, Монголын ШУА-ийн биологийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС, МУБИС-тай хамтран биологийн мониторингийн судалгааг амжилттай зохион байгуулж буй.

АНУ-ын Денверийн Зоологийн сангийн санхүүжилтээр судалгаа, шинжилгээ, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, олон нийтийн оролцоог хангасан “Гэрээс гэрт” хөтөлбөр, Даланжаргалан, Айраг сумын сурагчдад экологийн боловсрол олгох, Эко клубын аялал, сайн дурын идэвхтнүүдийн цалин, нөхөрлөлийн бүлгүүдийг ажиллуулж байна.

Холбоотой мэдээ