Америк, Канадын цэргүүд Оросын нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 15:22:52

МОСКВА. /РИА Новости/. Америк, Канад, Норвегийн цэргүүд энэ сарын 26-30-ны хооронд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ хэмээн ОХУ-ын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рыжков мэдэгджээ.


“Нээлттэй тэнгэр” олон улсын гэрээний хэрэгжилтийн хүрээнд Норвеги, Канад, АНУ хамтран ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Шведийн ажиглалтын СААБ-340 нисэх онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ” хэмээн тэрбээр мэдэгджээ. Оросын мэргэжилтнүүд нислэгийн параметрийг дагаж мөрдөж буйг болон зөвшөөрөгдсөн ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж байгаа эсэхийг бүхээгт байлцаж, хянах аж.


“Улаан од” сонины мэдээлснээр, мөн ОХУ Ан-30Б нисэх онгоцоор Францын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх аж.


“Нээлттэй тэнгэр гэрээг” дэлхийн 27 улсын төлөөлөгчид Финландын нийслэл Хельсинки хотод 1992 оны гуравдугаар сарын 24-нд байгуулжээ. Уг гэрээний гол зорилго нь цэргийн үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг сайжруулах замаар улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгож, бэхжүүлэх, одоо хэрэгжиж байгаа зэвсэглэлд хяналт тавих гэрээг дагаж мөрдөх юм. Одоогийн байдлаар, гэрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болох 34 улс нэгджээ.

Холбоотой мэдээ