“Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчдаа дэмжье

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-26 14:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс яг жилийн дараа буюу 2020 оны наймдугаар сарын 26-нд Японы Токио хотноо зуны Паралимпын наадмын бамбар асаж пара спортын тамирчид хурд хүчээ сорино.


“Токио-2020” паралимпын наадамд оролцох эрхээ авч Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын эрхийн төлөө даван туулсан ялалт, амжилтын тухай нийтлэл, сурвалжлагыг эрхэм спорт сонирхогч та бүхэндээ цувралаар толилуулж байна.

Монгол Улс одоогоос 3 жилийн өмнө “Рио-2016” зуны 31 дүгээр олимпын наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу 43 тамирчнаа оролцуулснаас жүдоч Д.Сумъяа /мөнгө/, боксчин Д.Отгондалай /хүрэл/ хоёр л эх орондоо олимпын медальтай ирсэн нь монголчуудын сэтгэл ханамж тийм ч өндөр байгаагүй гэж болно. Тиймээ, Риогоос манай ард түмний хүлээлт их байсан энэ үед олимпын наадмын үргэлжлэл болсон “Рио-2016” паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман тамирчнаас хоёр хүрэл медаль, шагналт IV, V байрт шалгарсан амжилт гаргаж, 2016 оны зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдынхаа дутууг гүйцээн ард түмнээ баярлуулж бахархлыг нь төрүүлсэн билээ.


Манай пара спортын шигшээ багаас жүдогоор Б.Ууганбаяр, пауэрлифтингээр Э.Содномпилжээ нар паралимпын хүрэл медалийг эх орондоо авчирсан. Мөн “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав болон Б.Оюун-Эрдэнэ нар байт харвааны холимог хосын төрөлд анх удаа IV байрт шалгарсан нь яах аргагүй түүхэн амжилт байв. Мөн пара бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл V байрт шалгарч, Азийн тивийн дээд амжилтыг шинэчилсэн юм.

Өнөөдөр Монгол Улсад 2018 оны албан ёсны статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй 105730 иргэн /нийт хүн амын 3.4 хувь/ байгаагийн 59691 нь эрэгтэйчүүд, 46039 нь эмэгтэйчүүд байна. Монгол Улс энэ иргэдийнхээ эрхийг хангаж, биеийн тамир спортоор хичээллүүлж дэлхийн улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн адил спортын амжилт үзүүлж, эрүүл чийрэг, урам зориг дүүрэн амьдруулах үүрэгтэй. Тиймээс ч Монголд пара спортын олон төрлийг амжилттай хөгжүүлж олон улс, тив, дэлхий, паралимпын дэвжээнд манай тамирчид амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлсээр байгаа билээ. Тэдний энэ амжилт, ялалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст их урам зориг, эрч хүч өгч, түгэн дэлгэрсээр байна.

Энэхүү цувралынхаа эхэнд дэлхий дахинд болон манай улсад Паралимпын үүсэл, хөгжлийн түүхэн замналын тухай танилцуулж байгаа юм.

Паралимпын спортын хөгжил нь 1880 оноос эхэлсэн түүхтэй ч 1945 оноос нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийг системтэй эмчлэх, нөхөн сэргээх үйл явц нь Паралимпын хөдөлгөөнийг жинхэнэ утгаараа хөгжих үндсийг тавьсан гэж судлаачид үздэг.

Дэлхийн II дайны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжилд том дэвшил гарсан нь 1936 онд Германы нацист үзэлтнүүдээс дайжин Англи улс руу дүрвэсэн мэс засалч Людвиг Гютманы /1899-1980/ оруулсан хувь нэмэр онцгой юм. Тэрбээр спортоор дамжуулан тахир дутуу болсон өвчтөний сэтгэл санааг түргэн хугацаанд өргөх, физиологийн нөхөн сэргээлт, сэтгэл зүйн болон хувь хүнийг өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд биеийн тамир, спорт маш чухал ач тустайг нотолсон байна.


Л.Гютман Англи улсын Сток Мандевилли хотын эмнэлэгт нөхөн сэргээх онол болон практикийг бүхэлд нь спортод түшиглэн өөрчилсөн юм. Энэ нь удалгүй спортын хөдөлгөөн болон өрнөж хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спортоор гаргаж болох дээд амжилтуудыг харах боломжийг нээжээ.

Улмаар 1948 оны Лондонгийн олимпын наадамтай зэрэгцэн профессор Л.Гютман Сток Мандевиллийн наадмыг анх зохион явуулсан түүхтэй. Тус наадамд 1952 онд Англи болон Нидерландын ахмад дайчид оролцсоноор олон улсын наадам болж өргөжсөн түүхтэй.

“Паралимпын наадам” /Paralympic Games/ гэдгийг “Сөүл-1988” паралимпын наадмаас эхлэн албан ёсны нэр болгосон байна. Paralympic Games нь грекийн үгийн санд байдаг угтвар үг болох “Para” буюу “зэрэгцээ” гэсэн утга санаатай үгнээс улбаатай юм. Аль ч нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал жирийн хүмүүсийн адил “зэрэгцээ” оршдог тул энэ хүмүүсийн нийгэмд хүргэх дуу хоолойг спортын агуу баяр “Паралимпын наадам”-аар дамжуулан дэлхий нийтэд хүргэх, бэрхшээл зовлонг хамтдаа туулах, эвлэлдэн нэгдэх боломжийг бүрдүүлдэг. Мөн наадамд оролцсон улс орон бүр ХБИ-дээ эх дэлхийдээ сайхан амьдрах боломжийг бий болгож, хийсэн бүтээсэн зүйлээ паралимпын өв хөрөнгө болох хүмүүнлэгийн үйлсийн үнэ цэнийг улс бүхэнд түгээн дэлгэрүүлэх олон талын ач холбогдолтой наадам юм.

Өвөл, Зуны олимпын наадам зохион байгуулах эрх авсан улс орон Паралимпын наадмыг өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай, хүртээмжтэй орчин бий болгох үүргийг хүлээж, нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарал тавих болсон юм. 1990 онд паралимпын спортын холбоод нэгдсэнээр 1992 /09.22/ онд Германы Бонн хотноо Олон улсын Паралимпын хороо /ОУПХ/ албан ёсоор байгуулагдаж Төв оффис нь тус хотод үйл ажиллагаагаа явуулах болжээ.


ОУПХ байгуулагдсанаар бүтэц, зохион байгуулалт нь шинэчлэгдэж, анхны ерөнхийлөгчөөр Канад улсын иргэн, доктор Роберт Стедвард сонгогдож тус хорооноос өвөл, зуны паралимпын наадмыг зохион байгуулах, Үндэсний Паралимпын хороодыг удирдан чиглүүлэх, пара спортын олон улсын холбоодтой хамтарч ажиллах олон ажлыг Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны үйл ажиллагааны жишгийн дагуу явуулж эхэлсэн.

Харин 2002 онд шинэ ерөнхийлөгчөөр Сэр Филипп Грейвен сонгогдож ОУПХ-ны “Хөгжлийн стратеги хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж “Пара спортын тамирчдын дээд амжилт гаргах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэх, тэдний спортын ур чадварыг дэлхий нийтэд гайхан бишрүүлэх, урам зориг өгөх” гэсэн уриа дэвшүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд БТС-оор анхан шатнаас хичээллэхээс эхлэн онцгой анхаарч, цаашид өндөр зэрэглэлийн тэмцээн, наадамд оролцоход бүх шатны байгууллага, спортын төрийн ба ТББ-ын оролцоо нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ОУПХ-ны төв штабт 20 шахам орны 70 гаруй албан хаагч ажилладаг.


ОУПХ-ны дээд байгууллага Ерөнхий Ассамблей бөгөөд Бүс хариуцсан байгууллага, Удирдах зөвлөл, Байнгын хороо /Допингийн эсрэг, боловсрол, санхүү-аудит, эдийн засаг, ёс зүй, Паралимпын наадмыг зохион байгуулах, спортын судалгаа, эрдэм шинжилгээ, спортын анагаах ухаан, эмэгтэйчүүд ба спорт, өвчний бэртэл гэмтэл тогтоох/-д ажилладаг. Мөн Тамирчдын зөвлөл, Олон улсын спорт хороодын зөвлөлүүд гэсэн бүтэц зохион байгуулалттай байдаг.

Олон улсын Спортын гэмтлийн ангилал тогтооно гэдэг нь пара тамирчдыг тэмцээнд оролцохоос өмнө тухайн тамирчны бэртэл гэмтэл нь тэмцээнд оролцох боломжтой эсэхийг эмч нарын нарийн үзлэг хийж тогтоодог. Ангилал тогтоохын үндэслэл нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ижил түвшинд шударга өрсөлдөөний зарчмаар тэмцээнд оролцох явдал юм. Паралимпын спортод хөгжлийн бэрхшээлийн 10 төрлийн ангиллыг багтаасан байдаг. Тухайлбал, булчингийн хөгжил дутуу, хөдөлгөөн сааталтай, биеийн мөчний аль нэг хэсэг нь тайралттай, урт богино хөлтэй, одой хүмүүс, нуруу нугасны гэмтэлтэй, харааны бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй гэх мэт байдаг.

Монгол Улсад 30-аад жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир спортоор хичээллүүлж эхлэх гараа тавигдаж, 2000 оны Сиднейн паралимпын наадамд анх удаагаа тамирчдаа оролцуулж эхэлсэн түүхтэй.

Монголчуудын 44 жил хүсэн хүлээсэн олимпын аваргаа “Бээжин-2008” зуны 29 дүгээр олимпын наадмаас хүлээн авсан бөгөөд жүдоч Найдангийн Түвшинбаяр олимпын алтан медалийг анхлан хүртэж, 10 хоногийн дараа боксчин Энхбатын Бадар-Ууган хос болгож монгол зон олноо баярлуулсан билээ. Энэ сайхан амжилтын буухиаг үргэлжлүүлэн “Бээжин-2008” паралимпын наадмаас байт сурын төрлөөр паралимпын аварга болсон Дамбадондогийн Баатаржавт олимпын аваргуудын адил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор мялаасан юм.


Улмаар “Рио-2016” паралимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдаас жүдо бөх, пауэрлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртэж паралимпын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн. Жилийн дараа болох “Токио-2020” паралимпын наадамд оролцох манай пара спортын баг, тамирчдаас алт, хүрэл медалийнхаа буухиаг үргэлжлүүлэхээр эрхээ аваад бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа тамирчид бий. Тухайлбал, эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар хүртсэн бол пара буудлагын ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын эрхээ авсан.


Холбоотой мэдээ