“Дэглий цагаан” нисэх буудал олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-26 11:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын аэродромын замыг өргөтгөснийг өнгөрсөн ням гарагт ашиглалтад хүлээн авлаа. Энэ нь улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа үйл явдал юм.

Нээлтэд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцов.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, “Хархираа хайрханы өвөрт орших 330 гаруй жилийн түүхтэй Улаангом хотод анх 1956 оны намар хоёр эсгий гэртэй сууриа тавьж байсан "Дэглий цагаан" нисэх буудал эдүгээ улам бүр өргөжиж буй”-г хэлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын замын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж байгааг онцлов.


Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Увс АЗЗА ХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд тус ажлыг эхлүүлжээ. Нисэх зурвасын замын хэмжээг 415 метрийн өргөнтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн бөгөөд 500 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “Ростов” ХХК-ийн зураг төслөөр технологийн дагуу хийж гүйцэтгэжээ.


Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны гуравдугаар сард “Дэглий цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох талаар Засгийн газрын шийдвэр удахгүй гарах аж. Ингэснээр тус нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хот хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм байна

Холбоотой мэдээ