Дэлхийн язгуур урлагийн наадамд анх удаа оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-22 17:34:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ноёштадт Холштайн хотод Дэлхийн язгуур урлагийн их наадам өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 3-ны өдрүүдэд болсон. Дэлхийн 11 орны 14 хамтлаг, 400 гаруй уран бүтээлч оролцсон тус наадамд манай улс анх удаагаа оролцжээ. 

Этно хамтлагуудын анхдагч болох Бөртэ, бий биелгээн ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр, Г.Баяртай, Ё.Юндэндорж, биелээч Ц.Наранчимэг, өвлөн уламжлагч П.Болормаа, Монгол улсын үндэсний урлагийн их театрын бүжигчин Х.Одхүү, Б.Болор зэрэг уран бүтээлч амжилттай оролцжээ. 

Захчины алдарт биелээч, 83 настай Ш.Отгонбаяр тэргүүтэй соёлын биет бус өв тээгч, биелээч Ё.Юндэндорж, Г.Баяртай нар дөрвөд, торгууд, баяд биелгээ биелсэн нь  олны таашаалд ихэд нийцжээ. Тоглолтын хаалтыг 3000 гаруй үзэгч үзсэн байна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд соёл урлагийн хэд хэдэн төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм. Түүний нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтран тус язгуур урлагийн наадмын ерөнхий зохион байгуулагч “Еuropäisches folklore festival Neustadt in Holstein” ийнхүү Монголын язгуур урлагийн шилдэг сор болсон уран бүтээлчдийн гурван үеийн төлөөллийн 12 хүний бүрэлдэхүүнтэй багийг урин  оролцуулжээ.

Холбоотой мэдээ