Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2019-08-22 15:55:11

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Space X” компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн 2018 оны хоёрдугаар сард сансарт илгээсэн автомашин нарыг анх удаа бүтэн тойрчээ. 


“Space.com” цахим хуудсанд мэдээлснээр, сансрын нисэгчийн хувцас бүхий "Starman" нэртэй хиймэл хүнийг жолооны ард суулгасан “Tesla Roadster” автомашин нь Маскийн хувийн цуглуулгуудынх нь нэг байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, уг автомашин 557 хоногийн хугацаанд нарыг нэг бүтэн тойрч дуусгасан бөгөөд 1.2 тэрбум км зайг туулжээ. Сансарт хөөргөх үед машины бүхээгт Дэвид Боуигийн “Life on Mars” дууны бичлэгийг тавьсан байна. Хэрэв “Tesla”-гийн аккумуляторын цэнэг суугаагүй бол энэ бичлэг одоогийн байдлаар 150 мянга гаруй удаа давтагдсан байх ёстой гэнэ.


Маскийн машин нарыг дахин олон удаа тойрох боловч эцэстээ ойролцоогоор сая жилийн дараа Сугар гараг эсвэл Дэлхийн агаар мандалд орж, байхгүй болно гэж Space.com цахим хуудсанд өнгөрсөн жилийн тойрог замын тооцооллоос иш татан мэдээлсэн байна. Дэлхийд буцаж ирэх магадлал 6 хувьтай, харин Сугар гарагийн агаар мандал руу орох магадлал 2.5 хувьтай байгаа аж. 

Холбоотой мэдээ