Суурьшлын бүсэд орж ирсэн могойг байгальд нь тавив

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-08-21 15:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Баянгол дүүргийн 14 дүгээр хороон дахь Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна” гэсэн дуудлага нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд энэ сарын 19-нд иржээ.


Дуудлагын дагуу нийслэлийн Байгаль орчны газрынхан очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж, байгальд нь эргүүлэн тавьсан байна.


Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой нь хоргүй, бамбай хоншоорт могой хортой байдаг учир суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх нь зүйтэй гэдгийг албаныхан хэллээ. Хур бороо ихтэй жил үер усаар дамжин суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдол байдаг аж.

Байгалийн зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэхийг санууллаа.

Холбоотой мэдээ