БНХАУ Хонконгийн жагсаалыг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-20 15:05:11

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хонконгт өрнөж буй жагсаал цуглаануудыг шүүмжлээд, эмх журмыг сахиулах шаардлагатай байгааг дурдсан байна.


Хонконгт хоёр сар гаруйн турш жагсаал цуглаан, гэмт хэргүүд үргэлжилж байгааг ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглээд, уг жагсаалууд Хонконгийн хууль сахиулах ёс, нийгмийн дэг журам, эдийн засаг, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, улс орны олон улсын тавцан дахь нэр хүндийг унагаж буйг онцолжээ.


Мөн тэрбээр хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг хууль тогтоомжийн дагуу дуусгавар болгож, эмх журмыг дахин цогцлоох нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна хэмээн хэлсэн байна.


Гадаадын орнуудад амьдарч буй Хятадын иргэд Хонконгийн цагдаагийн ажилтнууд болон төв Засгийн газрыг дэмжиж буйгаа илэрхийлсэн жагсаалуудад оролцож байгааг хэрхэн үзэж байгаа талаар сэтгүүлчид Гэн Шуанаас лавлахад, гадаадад суугаа иргэд эх орныг нь хуваан бутаргахыг чиглэсэн аливаа үйл ажиллагааг эсэргүүцэх нь зүй ёсны хэрэг гэж хариулжээ. 

Холбоотой мэдээ