Хоёр уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-19 14:32:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, ТББ-аас ирсэн өргөдөл гомдлын дагуу Эрдэнэцагаан, Уулбаян суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн гурван компанид МХГ болон холбогдох газрууд хамтарсан шалгалт хийжээ. Улмаар хоёр уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоож, нэг уурхайг түр хугацаагаар хаасан байна.

Эрдэнэцагаан суманд хайгуулын ажил эрхэлж байсан "АДАЭ" компани болон Уулбаян сумын Баян багийн нутагт хайгуул хийж байсан гэх "Шинэ уужим орд" компанийн үйл ажиллагааг зогсоох тухай албан бичгийг  тухайн сумын Засаг дарга нар захирамжаар гаргажээ.

Эдгээр уурхай нь тухайн сумын шүтээн газар болон тахилгат уул усанд ойрхон байснаас гадна олон малчдын нутагладаг газар учир малчдын эсэргүүцэлтэй удаа дараа тулгарсаар өдий хүрсэн аж.


"АДЭА" ХХК 100 хувь Хятадын  хөрөнгө оруулалттай. Гурван жил хайгуулын ажлаа хийж, улмаар олборлолт болон тээвэрлэлтээ хийхэд бэлэн болоод байжээ. Харин "Шинэ уужим орд" ХХК анх 2006 онд хайгуулын зөвшөөрөл авч, 2018 оноос ажлаа эхэлсэн, гадны хөрөнгө оруулалттай компани аж.

Холимог металл олборлолтын чиглэлээр ажиллаж байсан бөгөөд мөн л өрөмдлөг хийж, олборлолтоо эхэлж байсан гэж нутгийн иргэд мэдээлж байлаа.

Уурхайнууд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд уг асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн гэж Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ