“Боко Харам”-ын барьцаанаас 270 гаруй хүнийг суллав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-04-06 12:34:22

ТУНИС. /TASS/. Нигери улсын арми террорист “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдаад байсан 275 хүнийг сулласнаа мэдээлжээ.

“Нигерийн зүүн хойд нутагт оршдог Борно мужид явуулсан ажиллагааны үеэр армийн анги нэгтгэлүүд аюулгүй байдлыг хангах сайн дурын хүчний дэмжлэгтэйгээр зэр зэвсэг хадгалж байсан террористуудын хоргодох газрыг илрүүлж, 275 хүнийг барьцаанаас суллалаа” гэж тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Сани Усман мэдээлсэн байна. Түүний хэлснээр, үүнээс нэг өдрийн өмнө “Боко Харам” бүлэглэлийн 15 босогчийг устгаж, зургаан хээрийн командлагчийг баривчилжээ.

Нигерийн зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг “Боко Харам” бүлэглэл тус улсад лалын халифт улс байгуулж, шариатын дэглэм тогтоохыг оролдож байгаа юм. Тус бүлэглэлийн босогчид мөн хөрш Нигер, Камерун болон Чад улсад халдлага үйлдсээр байна.

“Боко Харам” бүлэглэлийнхэн өнгөрсөн оны гуравдугаар сард террорист “Лалын улс” бүлэглэлд үнэнч гэдгээ нотолж тангараг өргөсөн билээ. “Боко Харам” болон Нигерийн Засгийн газрын цэргүүд хооронд болж буй мөргөлдөөний улмаас өнгөрсөн зургаан жилийн хугацаанд наад зах нь 17 мянган хүн амиа алджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ