Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосонбумбыг улсын тусгай хэрэгцээнд авахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-12 14:01:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Тост, тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар хууль бусаар ажиллаж буй "Сауд гоби коэл транс" ХХК-ийн уурхайтай холбоотой асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгөв. 


Тэрбээр, "Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалж уйлаад ярьж байна. Энэ тзөвхөн байгалийнхаа онгон дагшин байдлаа авч үлдэх гэсэн илэрхийлэл. Энэ анхнаасаа хууль бусаар олгогдсон лиценз гэж ойлгож байна. Ерөнхий сайдын хувиар би хоёр, гурван удаа энэ талаар үүрэг даалгавар өгсөн. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Олигархууд албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болсон байна. Гурвантэс сумын иргэн н.Нямдаваа гэдэг хүн хэлэхдээ, уул уурхайг зогсоохын төлөө явсны хариуд 3-5 саяар амыг нь барих гэж оролдсон гэж байна. Улаанбаатар хотод хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн 40 орчим хүнийг авлигдах гэж оролдсон гэж хэвлэл, мэдээллээр, улс орон даяар, ил цагаан ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг гараад байхад яагаад шалгахгүй байна вэ. "Саутгоби" компанид өгсөн лицензийн бичиг баримтийг хуурамчаар үйлдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, тогтоол шийдвэр гаргах ёстой. Гэтэл хуралдуулахгүй албан тоот гаргаад БОАЖЯ руу хүргүүлсэн байна. Жил гаруйн өмнө 370 мянган тонн нүүрсний хулгайг шалгах үүрэг өгсөн, үр дүн нь хаана байна вэ. БОАЖ-ын сайд өнөөдөр АМГТХЭГ-т Тост тосон бумбад ашигт малтмал олборлож байгаа компанийн лицензийг цуцлах албан шаардлага явуул. Тост, Тосонбумбыг улсын тусгай хэрэгцээнд ав. Тэнд байгаа машин, техник хэрэгслийг Цагдаагийн дарга биечлэн ажиллаж, журамла. Мөн ард түмэнд авлигал өгөх гээд байгаа хүмүүст хэрэг үүсгэж шалга, ТЕГ-ын дарга аа. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өгцгөө" хэмээв.

Холбоотой мэдээ