"Exclusive" компани 150 сая төгрөгийн бараа үнэгүй тараахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-19 15:22:57

Өнөөдөр өдрийн 12 цагийн орчимд "Номин" их дэлгүүрийн хамгаалалтын алба болон БГД-ийн цагдаагийн 50 гаруй алба хаагч хамгаалалтад гарч, олноор цугларсан иргэдийг тараах ажлыг зохион байгуулж байна.

Учир нь үндэсний үйлдвэрлэгч "Exclusive" компани татварын дарамтаас болж, дампуурлаа зарлах болсон тухайгаа хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Тус компанийн захирал Г.Майцэцэг энэ амралтын өдрүүдэд хороололд байрлах "Номин" их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт брэндийн бүтээгдэхүүнүүдээ иргэдэд үнэ төлбөргүйгээр тараана гэсэн зарыг цахим сүлжээгээр цацсан. Тэрбээр өмнө нь "Хүннү молл", "Улсын их дэлгүүр" болон 3,4-р хорооллын "Номин" их дэлгүүр дэх салбаруудад бараагаа тараахаа зарласан ч гарч болох эрсдлээс хамгаалж тухайн байгууллагууд татгалзсан.

Харин өчигдөр Г.Майцэцэг биднийг "Номин"-гийнхон дэмжиж зөвхөн хорооллын "Номин" их дэлгүүрээр бараагаа тараах боллоо гэж зарлажээ. Энэ мэдээллийг авсан иргэд өнгөрөгч шөнийн 02 цагаас эхлэн хороолол дахь "Номин" их дэлгүүрийн үүдэнд дугаарлан зогсч эхэлжээ. Харин өглөө "Номин" их дэлгүүр эхний 50 хүнийг оруулаад дахин хүмүүс оруулах боломжгүй боллоо гэж хаалгаа барьсан юм. Цугларсан хүмүүсийг бүгдийг нь дотогш оруулаагүйд иргэд бухимдаж, эмх замбараагүй байдал үүсгэж эхэлжээ.

Номин их дэлгүүрт "Exclusive"-ийн бүтээгдэхүүнийг авахаар орсон иргэд бусдадаа боломж олгохгүйгээр харсан бараа бүтээгдэхүүн болгоноо авахаар дайрсан тухай үндэсний үйлдвэрлэгч "Exclusive" компанийн худалдагч мэдэгдсэн байна.

Мөн иргэд эмх замбараагүй дайрснаас болж, "Номин" их дэлгүүрийн доторх үүдний шилэн хаалгыг хагалжээ. Олон хүн тус дэлгүүрт ямар нэг эрсдэл учруулж болох учраас "Exclusive" компанийхан өнөөдөр Саппорогийн гадна бүтээгдэхүүнээ тараахаар боллоо хэмээн цагаан хоолойгоор зарлаад байгаа бөгөөд цугларсан иргэд хүлээлтийн байдалтай байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд