1072 ширхэг хувьцаагаа бүртгүүлэх иргэдийн тоо өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 16:34:07

Эрдэнэс Таван толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгох Монгол Улсын Засгийн газрын тогтоол хэрэгжээд 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Дорнод аймагт Монсек ҮЦК  ХХК  бүртгэлийг  явуулж эхэлснээр урьд нь нэр төдийхөн байсан энэ ажил шинэ сар гарсаар дараалал нь гүйцэгдэхгүй байдал ажиглагдаж эхэллээ.

Иргэд өөрсдийн хувьцаагаа баталгаажуулах, данс нээлгэх зорилгоор ийн урт дараалал үүсчээ. Он гарсаар 900 орчим хүн үйлчилгээ аваад байгаа талаар тус салбарын ажилтан ярьж байсан. Хувьцааны хувьд Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1072 ширхэг байх ёстой. Мөн  2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшдэггүй гэсэн үг. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаа үлдсэн гэсэн үг.  Дээр нь 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаа байгаа гэж ойлгож болно.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. 

Дашрамд анхааруулахад  хувьцаа эзэмшигч нь Хэрлэн зочид буудлын зүүн жигүүрт байрлах Монсек компанийн байранд очиж маягт бөглөн  иргэний үнэмлэхний хуулбарын хамт 5000 төгрөг төлж данс нээлгэх юм.

 Б.Туяа

Холбоотой мэдээ