Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-01 07:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.


Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар ярьсан Монголын ноолууран бүтээгдэхүүний асуудлын талаар холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгнө гэсэн юм.


Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Мөн хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай хэмээв.


АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм.



Хэлэлцээний үеэр хоёр орны дипломат харилцааны талаар халуун дотно яриа өрнүүлж, Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргах боллоо.


Хэлэлцээнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцов.


АНУ-ын талаас тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон  Конгрессийн зарим гишүүн оролцлоо.

Холбоотой мэдээ